ХӨВСГӨЛ: Бөлбөө цэцэг тавдугаар сарын сүүлээр цэцэглэдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нуурт ургадаг бөлбөө цэцэг өглөө бүр дэлбээгээ нээж, орой бүр хумьдаг онцлогтой.
Рэнчинлхүмбэ сумын төвөөс чанх
хойш 45 км орчим зайд Ходон голын хойд хөндийд цэнгэг устай жижигхэн нуур
байдаг.
Ходон нуурт бөлбөө хэмээх Улаан номд бүртгэгдсэн ховор зүйлийн цэцэг ургадаг.
Монголчууд цагаан бөлбөө цэцгийг усан хатан хаан гэж нэрлэдэг. Тус цэцэг 5 дугаар сарын сүүлээр цэцэглэж, 8 дугаар сард цэцэг нь унадаг юм.
Бөлбөө цэцэг нуурын ёроолоос 0,8-1,1 метр өндөр урган, нуурын мандал дээр үзүүрийн цэцэгтэй хэсэг гарахад том ногоон навчнууд нар мандахад дэлбээлж, дотроос нь хурц тод өнгийн ягаан, цагаан цэцэг гардаг.
Цэцэг дэлбээлсэн үед нуурын усан мандалд том далбагар ногоон навч дэвсэж, дээр нь өнгийн цэцэг тавьсан юм шиг үзэсгэлэнтэй харагддаг.
Бөлбөө цэцэг өглөө бүр 7.00 цагт дэлбээгээ нээж орой бүр 17.00 цагт хумьдаг бөгөөд байгаль дэлхийн энэ өвөрмөц сонин бүтээл гадаад, дотоодын жуулчдын сонирхон очдог газар болжээ.