ЗАВХАН: Хангайн нурууны орчмоор цочир хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нутгаар энэ сарын 15-ны өдөр цочир хүйтэрч шөнөдөө -6-8 градуст хүрч зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Пүрэв гарагт Завхан, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн нутгаар нойтон цас, хур тунадас орно. Пүрэв гаргаас баасан гарагт шилжих шөнө Хангайн нурууны орчмоор болон Хөвсгөл, Завхан, Архангай, Баянхонгорын нутгаар цочир хүйтэрч шөнөдөө -6-8 градус хүрч хүйтэрнэ.
Өдөртөө орсон хур тунадас шөнөдөө
мөстөх, ялангуяа улсын чанартай авто зам дайран өнгөрдөг томоохон давааны
авто замуудад халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгой анхаарна уу. Тиймээс 5 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос баруун аймгийн чиглэлд болон Улиастайгаас
Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээвэрчид, жолооч нар анхаарал болгоомжтой
байхыг сануулж байна хэмээн Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
5 дугаар сарын
13-ны 20 цагаас 14-ний 20 цаг хүртэлх хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр
шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангайн уулсаар бороо, дуу цахилгаантай аадар
бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун, баруун хойноос секундэд 7-12
метр, түр зуур секундэд 14-16 метр, зарим газраар секундэд 20 метр хүрч
ширүүсэж, шороон шуурга шуурна.
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0+5 градус, өдөртөө +15+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +3+8 градус, өдөртөө +20+25 градус дулаан байна гэж Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.