Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ой өнөөдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзэлдэг. Энэ үзүүлэлтээрээ НҮБ-ын гишүүн 48 улс байдаг Ази тивдээ эхний 10 дотор жагсдаг.
Монгол Улсын 3 сая дахь иргэн Монголжин охин Өмнөговь аймагт 2015 оны нэгдүгээр сарын 24-нд төржээ.
Түүний нас чацуутнуудыг аймаг орон нутаг бүр өөр өөр дээрээ бүртгэн авсан байдаг. Зарим аймаг, орон нутаг гурван сая дахь иргэний чацуутнуудад хоёр өрөө байр бэлэглэж байв. Тэгвэл хоёр сая дахь иргэн 1988 оны 7 дугаар сарын 11-нд мэндэлсэн. Гэхдээ нэг хүүхдийг онцлолгүй, 25 хүүхдийг хоёр сая дахь иргэнээр батламжилсан аж. Харин 1963 онд нэг сая 17 мянга 100 хүнтэй болсон гэдэг тоон мэдээлэл байгаа юм.
Манай улсын хүн амын өсөлт 1979-1989 онд оргил үедээ 2.9 хувьд хүрч байжээ.
Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 885 сургууль ажиллажээ. Тэдгээрийн 705 нь төрийн өмчийн, 117 буюу 20.3 хувь нь хувийн өмчийн сургууль байна. Бага, суурь, бүрэн дунд боловсролыг 2023-2024 оны хичээлийн жилд нийт 175.7 мянган суралцагч төгсжээ. Энэ нь өмнөх оны төгсөгчдөөс 10 801-ээр нэмэгдсэн дүн юм. Бага боловсролыг 76 619 суралцагч, суурь боловсролыг 63 567 суралцагч, бүрэн дунд боловсролыг 35 506 суралцагч эзэмшсэн байна.
Сургуулийн өмнөх боловсрол 1407
цэцэрлэгийн 9226 бүлэгт 264818 хүүхэд хүлээн авчээ. 1407 цэцэрлэгийн 1024 нь
төрийн өмчийнх, 383 нь хувийнх аж.
Монгол Улсын хэмжээнд 2024-2025
оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль ажиллаж байна. Түүний 34 нь их
сургууль, 29 нь дээд сургуулийн статустай. Нийт их, дээд сургуулийн 17 нь
төрийн өмчийнх, 45 нь хувийн өмчийнх, 3 нь олон нийтийн /шашны/ өмчийнх байгаа
юм.
Их, дээд сургуульд нийт 150 282 оюутан суралцаж байна. Суралцагчдын 81 571 нь төрийн өмчийн, 60 111 нь хувийн өмчийн, 8600 нь олон нийтийн өмчийн сургуульд суралцдаг. Дээр дурдсан 150 282 оюутны 92 261 нь эмэгтэйчүүд юм.
Тодруулга: Их зохиолч Д.Нацагдорж 1925 оны 5
дугаар сарын 8-нд хойчийг залгамжлагч багачуудын байгууллага нэртэй байгуулсан байна. Түүнээс хойш хүүхдийн байгууллага өөрчлөгдөх бүрдээ тухайн
цаг үедээ тохирсон үйл ажиллагаа явуулж байжээ. Тухайлбал, 1925-1965 он хүртэл
сурагчдын дунд пионерын байгууллага нэрээр хүмүүжлийн ажил явуулсан аж. Харин
1965-1990 он хүртэл нийгмийг соён гэгээрүүлэх ёс суртахуунтай байлгахад хүн
бүрийн анхаарлын төвд хүүхдийн асуудлыг оруулж чадсан юм.
Хүүхдийн эрх хамгаалал, халамж,
эрүүл мэнд, хоол хүнс, нийгэмд хүүхдийн бие даасан оролцоо их олон салаа
салбартай учраас 1991 онд Хүүхдийн төлөө үндэсний төв нэртэй төрийн байгууллага
болжээ.
Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын
конвенцод 1989 онд Монгол Улс нэгдэн орсон. Дэлхийн 40-өөд оронд Хүүхэд, гэр
бүлийн яам ажиллаж байна. Энэ бол хүүхдийн асуудлыг гэр бүл, сургууль, эцэг эхтэй нь нийгмийн бүх салаа салбартай нь шийдэх тогтолцоо бий болсонтой
холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.
Монгол Улсад Гэр бүл хөдөлмөр
нийгмийн хамгааллын яам, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар Засгийн
газрын хэрэгжүүлэгч агентлаг ажиллаж байна.