Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.
Хүүхдийн хөгжил хоцрогдолтой эсэхийг эрт илрүүлснээр
хөгжлийн бэрхшээлээс урьдчилан
сэргийлэх, тухайн хүүхдэд хөгжлийн
дэмжлэгийг хугацаа алдахгүй үзүүлэх, сэргээн засах, мөн дараагийн
хүндрэлээс сэргийлэх алхам болдог. Ингэснээр хөгжлийн бэрхшээлийг 30
хүртэл хувиар багасгах боломжтой
гэсэн дэлхий нийтийн судалгаа байдаг аж.
Монгол Улсад 2016 оноос цусны хатаасан толбонд дотоод
шүүрэл, бодисын солилцооны эмгэгийг илрүүлэх шинжилгээг дэлхийн жишиг
стандартын дагуу нэвтрүүлэн, 68
мянга гаруй нярайд 2-7 төрлийн эмгэгийн шинжилгээ хийж, 150 гаруй нярайг хөгжлийн бэрхшээлтэй болох, эрт
үедээ эндэхээс сэргийлж чаджээ.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг
үзүүлэх аргачлалын дагуу өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 9, 18, 36 сартай
хүүхдэд эрүүл мэнд, хөгжлийн эрт илрүүлгийн үзлэг хийж, хөгжлийн бэрхшээл, хоцрогдолтой
хүүхдийг илрүүлэн, хөгжлийн дэмжлэг
үзүүлэх үйлчилгээнд хамруулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын мэдээгээр улсын хэмжээнд 2024 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 14.6 мянган хүүхэд байна. Тэдний 76.2 хувь нь төрөлхийн шалтгаантай бол 1700 нь байнгын хэвтэрт, 814 нь хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт, 1263 нь сургуульд хамрагдаж чадахгүй хүүхэд бий.
Засгийн газраас боловсролын үйлчилгээнд хамрагдаж
чадахгүй байгаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 1100 гаруй хүүхдийг энэ онд Дэмжих төвийн хөгжүүлэх
үйлчилгээнд хамруулахыг зорьж байна.
Mонгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн
тухай конвенцид 2009 оны тавдугаар
сарын 13-нд нэгджээ. Хүүхдийн
хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэхийн чухлыг Хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүсийн эрхийн тухай конвенцид “... тухайн хүний хэрэгцээ боломжид нийцсэн
олон мэргэжилтний үнэлгээг үндэслэн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг аль болох
эрт эхлэх” хэрэгтэйг
тэмдэглэсэн байдаг аж.