БАЯНХОНГОР: Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хад чулуунаас оргилон гардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-07 14:11:44

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун дундаас оргилон гарах Шаргалжуутын рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагааж эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй.

Шаргалжуутын рашаан нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн түвшнээс дээш 1500 метрт Улаанбаатар хотоос 650 орчим километр, Баянхонгор аймгийн төвөөс 60 км зайтай оршдог. Тус рашаан орд нь Хангайн нуруун энгэрт далайн түвшнээс дээш 2150 метр өндөрт байрладаг, нийт 4 га талбайг хамран урсах 300 гаруй булаг бүхий халуун рашаан юм. Тэртээ XVII зуунд Монголын ууган оточ Ламынгэгээний анхдугаар дүр нээн илрүүлж, гурван жилийн турш судлан анх эмчилгээ үйлчилгээнд ашиглаж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш 1954 онд анх сувиллын газар үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл тасралтгүй 70 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна.


Шаргалжуут рашаан сувилал нь байгалийн эмчилгээний хүчин зүйлийн хамгийн том орд болох Шаргалжуутын бүлэг рашааныг түшиглэн байгуулсан аялал жуулчлал, сувиллын цогцолбор газар юм.


Тус рашаан сувилал зуны улиралд нэг ээлжиндээ 445 хүн, хүйтэн сэрүүний улиралд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд жилийн дөрвөн улирал тасралтгүй ажилладаг байна. Сувилалд рашаан эмнэлэг, нөхөн сэргээх зэрэг эмчилгээ сувилгааны иж бүрэн үйлчилгээтэй эмнэлэг, амрагч сувилуулагчийг хүлээн авах өвөл, зуны байр, эко буудал, зоогийн газар, ресторан, амралт чөлөөт цагийн үйл ажиллагаа зохион байгуулах спортын талбай, диско клуб, караоке баар, рашаан амралтын талбай, жуулчны бааз зэрэг байдаг.



Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай 100 гаруй булаг рашаан ундаргаас бүрддэг. Энэхүү рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотой, гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг гэлтэй.

Тус рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд тохиромжтой гэж үздэг. Халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй рашааны онцлог нь биеийн дулааныг дээшлүүлж, үрэвслийг түргэн илааршуулах, үе, булчин, ясны зэрэг архаг өвчнийг засахад илүү тохиромжтой байдаг байна. Харин тархи судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай, шок болон зүрхний хүнд шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэх өвчний II Б, түүнээс дээд шат, зүрхний байнгын хүнд хэлбэрийн илрэлийн үед рашаан хэрэглэх нь зохимжгүй юм байна.


“Шаргалжуут” хэмээх нэрийн учир:

Манжийн дарлалын үед элч нар Ховд, Улиастай ороод буцах замдаа “Их гол” хэмээх голыг гаталдаг байжээ. Нэг удаа Манжийн яаралтай чухал мэдээ авч явсан буухиа элчийг ирэхэд “Их гол”-ын ус улаанаар эргэлдэн хөөсөрч байжээ. Үүнээс болж Манжууд уг голыг “Шар галзуу гол” хэмээн нэрлэх болсон байна. Тэгээд элч нар аар саархан юманд саатсан ч “Шар галзуутын гол” үерлээд хэмээн шалтаг тоочдог болж, алба саатуулсан хэмээх ял шийтгэлгүй өнгөрдөг байжээ. Нутгийнхан голынхоо нэрийг муухайгаар дуудахгүйн тулд “Шаргалжуут” хэмээн зөөллөн нэрлэх болсон байна.

Холбоотой мэдээ