БАЯНХОНГОР: "Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төслийг үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-05-13 16:08:32

Баянхонгор, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хүүхдийг ивээх сан, Япон Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр "Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төслийн хоёр дахь үе шат эхэллээ.


Тус төсөл Баянхонгор аймагт өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Баянхонгор сумын 16 дугаар цэцэрлэг, Энхбүрд өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжсэн юм. Тэгвэл энэ онд эхэлж буй хоёрдугаар үе шат Баянхонгор сумын сургууль, цэцэрлэгийн Баян-Ойт цогцолбор сургууль, Оточ мандал өрхийн эрүүл мэндийн төвийг загвар болгон сонгож хэрэгжүүлэхээр болжээ.


Энэ хүрээнд хамтын ажиллагааны санамж бичгийг талууд энэ сарын 12-нд байгуулав. Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд төсөл хэрэгжүүлэх талууд байлцлаа.



Энэхүү төсөл нь бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, цогц хөгжлийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлэхийн тулд орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлдэг төрийн өмчийн байгууллагуудын (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, хүүхдийн цэцэрлэг) чадавхыг бэхжүүлж, дэд бүтцийн орчныг сайжруулахад чиглэнэ. 


Төслийн хүрээнд хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, дэмжлэг үзүүлэх талаарх эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний бодлогод тусгаж зөвлөмж өгөх ажлыг тогтмол зохион байгуулж байгаа юм.

Холбоотой мэдээ