Д.Трамп Саудын Арабад хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-05-13 16:42:52

ЭР-РИЯД 2025 оны тавдугаар сарын 13 /Al Arabiya/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Булангийн орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд Саудын Арабад хүрэлцэн ирсэн тухай тус улсын “Al Arabiya” телевиз мэдээлжээ. 


Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсоноос хойш анх удаа гадаадад албан ёсоор айлчилж байгаа нь энэ юм. Тэрбээр эхний бүрэн эрхийн хугацаандаа мөн адил Саудын Арабад хамгийн түрүүнд айлчилж байв.


Түүний айлчлал “бүс нутгийн байдал хурцдаж буй энэ үед болж буйгаараа, түүнчлэн Саудын Араб улс нь аюулгүй байдал, эрчим хүчний салбарт, мөн терроризмтой тэмцэхэд АНУ-ын стратегийн түнш орны хувьд улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой ” гэж “Al Arabiya” телевиз онцолжээ. 


Сүүлийн хэдэн арван жилд Америкийн хэд хэдэн Ерөнхийлөгч Саудын Арабт айлчилсан юм. 


Ойрх Дорнодод хийх Д.Трампын айлчлал тавдугаар сарын 13-16-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд тэрбээр Саудын Араб, Катар, АНЭУ гэсэн Булангийн гурван оронд айлчлах юм.


Америкийн удирдагчийн засаг захиргаанаас мэдээлснээр, айлчлалын үеэр аюулгүй байдал, хиймэл оюун, эрчим хүч, зэвсэг нийлүүлэлт зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.


Эр-Рияд хотод тавдугаар сарын 14-нд буюу маргааш Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болох төлөвтэй байна. Харин “Tesla”, SpaceX компаниудын тэргүүн Илон Маск, Meta корпорацын ерөнхий захирал Марк Цукерберг, Citigroup-ын тэргүүн Жейн Фрейзер болон Америкийн бизнесийн салбарын бусад тэргүүлэх төлөөлөгчид оролцох хөрөнгө оруулалтын томоохон хэмжээний форум өнөөдөр болно. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, уг форумын үеэр доод тал нь 600 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулах төлөвтэй байна.



Холбоотой мэдээ