“Хасын хүлэгүүд” дөрөв дараалан хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-13 11:22:16

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн тэмцээн Улаанбаатар хотын “М банк арена”-д үргэлжилж байна.


“В” хэсгийг 3-0 гэсэн амжилтаар тэргүүлж буй Монголын лигийн аварга “Хасын Хүлэгүүд” дөрөв дэх тоглолтоо Тайванийн “Кингс”-ийг буулган авлаа. Монголын багийн талбайд болсон энэхүү тоглолт 94:73-аар өндөрлөснөөр “Хүлэгүүд” дөрвөн хожилтой хэсгээ итгэл төгс тэргүүлж байна. Энэ өдөр “Хүлэгүүд”-ээс Ян Миллер 23 оноогоор багаа тэргүүлсэн бол Жордан Толберт 16, Ч.Ихбаяр 14, Д.Мөнхтүвшин 13, Б.Барсболд 12, А.Азбаяр ес, Жорди Тшиманга тав, О.Сэргэлэн хоёр оноогоор багтаа тусалжээ. Тэд маргааш “Эйдройт”, нөгөөдөр “Хай Тех”-тэй тоглоно.


Тэгвэл “Бишрэлт Металл” баг тав дахь тоглолтдоо “Таоюань Пайлотс”-ыг талбайдаа хүлээн авч, 63:85-аар хожигдлоо. Ингэснээр тэд дөрөв дараалан хожигдон 1-4 гэсэн амжилттай хүснэгтэд бичигдэж байна. “А” хэсэгт багтсан тэд Азийн аваргуудын лигийн хүрээнд маргааш сүүлийн тоглолтоо хийх бөгөөд өрсөлдөгч нь “Пелита Жаяа” байх юм.









 

 

Холбоотой мэдээ