Өмнөд Африкийн цагаан арьст “дүрвэгчдийг” АНУ хүлээн авч эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-13 10:12:07

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 13 /AP/. ӨАБНУ-ын 59 цагаан арьст иргэдийг Трампын засаг захиргаа “дүрвэгсэд”-ийн хувиар хүлээн авчээ. Цагаан ордон цагаачдыг баривчилж, олноор нь албадан гаргаж байгаа нь шүүмжлэл дагуулж буй үед ийм үйл явдал болж байна.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Ландау тэдэнтэй уулзах үеэрээ “Эрх чөлөөний оронд тавтай морил” хэмээн хэлжээ. Тэрбээр АНУ-ын далбаа барьсан африканеруудын бүлэгт хандан хэлэхдээ, та бүхнийг энд тааламжтайгаар хүлээн авч байна, сүүлийн хэдэн жилийн турш та бүгдийн үзэж туулсныг бид ойлгон мэдэрч байна гэжээ.


Вашингтонд захиалгат нислэгээр ирсэн Өмнөд Африкийн цагаан арьстнуудын нислэгийн төлбөрийг Төрийн департамент даасан байна. Дараа нь тэд Америкийн янз бүрийн хотуудыг зорьжээ.


Африканерууд бол голланд, герман, франц үндэстнүүдээс гаралтай цагаан арьст цөөнх юм. Африканер удирдагчид арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах харгис хэрцгий апартеид дэглэмийн үед Өмнөд Африкийг захирч байсан бөгөөд өнгөт арьст өмнөд африкчуудыг хэлмэгдүүлдэг байжээ.


Өмнөд Африкт цагаан арьст тариаланчид “амиа алдаж”, геноцидэд өртөж байна гэсэн маргаан дагуулсан мэдэгдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт дахин хийжээ. Ийм яриа хэт барууны үзэлтнүүдийн дунд дэлгэрсэн байдаг аж.   


Өмнөд Африкт хүчирхийллийн гэмт хэрэг ихээр гардаг. Өмнөд Африкийн цагаан арьстнууд хүчирхийлэл, хүн амины хэргийн хохирогч болж байсан хэдий ч гэмт хэргийн статистик мэдээлэл нь африканерууд олноороо халдлагад өртөж байна гэх яриа үндэслэлгүй гэдгийг харуулдаг.


Харин Өмнөд Африкийн Засгийн газар Трампын мэдэгдлийг няцаасаар байгаа юм. Гадаад хэргийн сайд Рональд Ламола даваа гарагт мэдэгдэхдээ, цагаан арьст тариаланчид Өмнөд Африкийн бусад иргэдтэй нэгэн адил гэмт хэрэгт өртдөг гэсэн байна. Д.Трампын засаг захиргаа мөн цагаан арьст фермерүүдийн газрыг булаан авсан хэмээн ӨАБНУ-ын Засгийн газрыг буруутгаж байв.

 



Холбоотой мэдээ