Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүтээгдэхүүн нийлүүлэх санал тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-13 12:44:00

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Дорноговь аймагт болж буй Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Доншен газрын тос (Монгол) ХХК-ийн удирлагуудтай уулзаж, газрын тосны олборлолт, ашиглалтын талаар санал солилцлоо.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан үйлдвэрийн удирдлагуудад тус бүс нутагт буюу 60 км орчим зайд үйл ажиллагаа явуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахад бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал тавив.


Тус компани 2003 онд Монгол Улсын Засгийн газрын 1997 оны тогтоолоор баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Доншен газрын тос (Монгол) ХХК-ийг Монголд байгуулан, газрын тостой холбоотой үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд талбайд хайгуул, үнэлгээний 132 өрөмдлөг цооног гарган, 367.4 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Газрын тосны баталгаат нөөцийг 26,05 сая тонн буюу 186,3 сая баррель, үүнээс ашиглалтын баталгаат нөөцийг 2,07 сая тонн буюу 14,86 сая баррель гэжээ. Гэрээт талбайгаас нэг сая тонн газрын тос олборлож, БНХАУ-д экспортлоод байгааг танилцуулсан байна. 

Холбоотой мэдээ