“Канад-Монголын Мерит” төслийг Архангай аймагт хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Канадын мэргэжлийн үйлчилгээний байгууллагын (CESO) төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч хатагтай Женифер Адамс төслийн монгол ажилтнуудын хамт аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодорж нартай энэ сарын 8-ны өдөр уулзлаа.
Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр таван жилийн хугацаатай “Канад-Монголын Мерит” төслийг 4 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлжээ.
Төслийн нэг хэсгийг 2.5 жилийн хугацаатай Архангай аймагт хэрэгжүүлэх юм. Зорилго нь иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх чадамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим орчинд ажиллах мэдлэг чадварыг дээшлүүлэх юм.
Аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж хэлэхдээ сум, орон нутгийн алслагдсан багт дэд бүтцийг эхний ээлжид сайжруулах мөн төрийн албан хаагчдыг чадавхжуулах нэн түрүүнд шаардлагатай талаар дурдаад цаашид аймгийн зүгээс дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлжээ.