Хятадаас АНУ-д ирэх илгээмжийн тарифыг бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-05-13 15:54:31

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 13 /TASS/. Хятадаас шуудангаар илгээсэн илгээмжийн тарифыг 120 хувиас 54 хувь хүртэл бууруулах тухай зарлигийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын гаргажээ


Зарлигт дурдсанаар, татварыг бууруулах шийдвэр АНУ-ын Зүүн эргийн цагаар тавдугаар сарын 14-ний 00:01 цагаас хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ илгээмжээс авах хураамжийн доод хэмжээ өмнөхийн адил 100 ам.доллар байх ажээ. 


Д.Трамп өмнө нь Хятадаас АНУ руу явуулж буй илгээмжид ногдуулах татварыг 120 хувьд хүргэж нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн юм. Тэрбээр мөн тавдугаар сарын 2-ноос эхлэн Хятадаас нийлүүлж буй 800 ам.доллароос доош үнэтэй барааг импортын татвараас чөлөөлөхгүй гэж мэдэгдсэн байна. 


АНУ-ын засаг захиргаа Хятадын импортын бараанд ногдуулах татварыг гурван удаа нэмснээр 145 хувьд хүргэсний хариуд Хятадын тал Америкийн бүх бараанд ногдуулах татварыг 125 хувь болгож өсгөжээ. Хоёр улсын төлөөлөгчид худалдаа, эдийн засгийн асуудлаар энэ сарын 10-11-нд Швейцар улсад хэлэлцээ хийх үеэрээ тавдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн татварыг харилцан бууруулахаар тохиролцсон байна. 



Холбоотой мэдээ