ХОВД: Түрэгийн үед холбогдох хүн чулуун хөшөө музейд бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн музейн сан хөмрөгт 3000 гаруй ховор үзмэр бий. Үүнээс онцлоход тус музейд хоёр хүн чулуун хөшөө хадгалж байна.
Музейн түүхийн танхимд нэгэн хүн чулуун хөшөөний зөвхөн толгойн хэсэг нь байдаг. Үүнийг хөх саарал өнгийн боржин чулуу цоолборлож хийжээ.
Тус хөшөөний өндөр нь 49 см, өргөн нь 23 см, зузаан нь 12 см бөгөөд ам, хамар, хөмсөг, чих, эрүү зэргийг тодорхой дүрсэлжээ. Арвай хэлбэрийн нүдтэй. Хөшөөг Мөнххайрхан сумын нутаг Долоон нуураас зөөж ирсэн байна.
Харин нөгөө хөшөө нь 30 см өндөртэй, 20 см өргөнтэй, зузаан нь 18 см. Уг хөшөөг Чандмань сумын нутаг Бүдүүний шилээс 1950 оны дунд үед авч ирж музейд тавьжээ. Нүүрний хэлбэр дүрсийг маш уран сийлбэрлэсэн. Нэлээд шовгор толгойтой боловч энэ нь малгайны хивсгийг дүрсэлсэн бололтой. Жижиг амтай, том нүдтэй, хянга хамартай. Хоёр чихэнд нь урт ээмэг дүрсэлсэн.
Дээрх хөшөөний хэлбэр төрх, хийц нь эртний түрэгийн хүн чулуу урлах уламжлалт загварын дагуу бүтсэн гэж судлаачид тодорхойлжээ.