Гар урлалын шинэ үйлдвэр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-20 20:02:01
Баян-Өлгий МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод казахын ард түмний үндэсний онцлог бүхий гар урлалын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг шинэ үйлдвэр өнөөдөр ашиглалтад орлоо.

Уг үйлдвэрийг иргэн Х.Сетерхан өөрийн хүч хөрөнгөөр байгуулсан ба эхний ээлжид 25 хүнийг байнгын ажлын байраар хангасан байна. Мөн үйлдвэрийн холбогдох тоног төхөөрөмжүүдийг БНХАУ-аас оруулж ирсэн байна. Модон хийц бүхий ор, авдар, сав суулга, эсгий ширдэг, мөнгөн эдлэл, хатгамлаар гоёж шимсэн дэр, хөнжил, цонхны хөшиг, бэлэг дурсгал зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг орчин үеийн дизайнаар үйлдвэрлэж, "Охидын инж" /Кыз жасауы/ нэрийн дэлгүүрээрээ дамжуулан зах зээлд борлуулж эхэлжээ.

Казахын ард түмэн охиноо хадамд мордуулахдаа бэсрэг наадам хийж, инж, гэр орон, мал хөрөнгө өгдөг эртний уламжлалтай билээ. Тус үйлдвэр ашиглалтад орсноор охидод дагуул болгон өгөх эд хөрөнийг нэг доороос авах боломж бүрджээ.

Үйлдвэрийн эзний тайлбарласнаар цаашид үйлдвэрийн хүчин чадлыг сайжруулж, ажилчдынхаа тоог хоёр зууд хүргэх, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж хивс үйлдвэрлэхийг зорьж байгаа ажээ.
Ө.Нурболат
Холбоотой мэдээ