Санхүүгийн салбарын шилдгүүд шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-12-19 17:13:12
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад бүртгэл, санхүү эдийн засгийн алба үүсч хөгжсөний 106 жил, Санхүүчдийн баярыг Архангай аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс зохион байгуулж явууллаа. Санхүүчдийн баярыг угтан “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”, “Санхүүгийн боловсрол” аяны хүрээнд иргэд, олон нийтэд олон удаагийн сургалтуудыг хийсэн бөгөөд сум байгууллагуудын удирдлага, санхүү бүртгэлийн ажилтнуудын мэдлэг боловсролыг тасралтгүй хөгжүүлэх арга хэмжээ авч ажиллажээ.

Санхүүчдын баяраар санхүү, эдийн засгийн албаны хүндэт тэмдгээр 5, санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр 10, нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтнаар 5, Сангийн яамны жуух бичгээр 10, аймгийн Засаг даргын жуух бичгээр 12 хүнийг тус тус шагнаж урамшуулсан байна. Мөн 2017 оны шилдэг нягтлан бодогчоор О.Дэлгэрзаяа, Л.Энхцэцэг, шилдэг санхүүчээр А.Буяндэлгэр шалгарчээ. 

“Р.Цэрэннадмид” сангаас бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтнуудаас тухайн ондоо амжилттай ажилласан нягтлан бодогч С.Долгор, Б.Үзмээ нарт сангийн нэрэмжит шагналыг гардууллаа.

Санхүүчдийн баярын хүрээнд ширээний теннис, дартс, гарбөмбөг зэрэг спортын гурван төрлийн тэмцээнийг санхүүчдын дунд зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулсан ба дартсын төрөлд НДХ, волейболын төрөлд Хаан банк тэргүүлж шилжин явах цомыг авчээ.
Б.Гэрэлт-Од 
Холбоотой мэдээ