“Эрдэнэт үйлдвэр”-т ирэх 15 жилд хамгийн шилдэг техник, технологи нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-12-15 12:36:32
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/   Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран зохион байгуулсан “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” чуулган өндөрлөлөө.
Уг чуулганыг хааж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ, “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн Үндсэн чиглэлд тусгагдсан зорилтот төслүүдийн талаар гадаад, дотоодын компаниуд санал солилцож хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ. Орхон аймагт анх удаа болж буй олон улсын бизнес форум амжилттай болж дугуй ширээний уулзалтууд инновацид тулгуурласан ажил хэрэгч ярилцлага болсонд талархаж байна. “Эрдэнэт үйлдвэр”–ийг дараагийн 15 жилд хөгжүүлэхдээ хамгийн шилдэг техник, технологи нэвтрүүлэхийг зорьж байна” гэлээ.
Мөн чуулганы хаалтын ажиллагаанд Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар оролцож хариуцлагатай, тогтвортой уул, уурхайг хөгжүүлэхийг зорьж буй энэ үед гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор олон улсын форум зохион байгуулж байгаад цаг үеэ олсон ажил гэдгийг онцолсон юм. Тэрээр мөн уул уурхайн салбарт технологи, даатгал, хариуцлага хэрэгтэйг хэлж хариуцлагыг хувь хүнээс, хамт олноос эхэлж байж салбарын хариуцлага тогтоно гэдгийг чухалчилж байлаа. Мөн түүхий эд экспортлогч орноос нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон луу шилжих үйл явцад  Эрдэнэт үйлдвэр зэрэг  стратегийн том орд, үйлдвэрийн газруудад  техник технологийн  шинэчлэл нэн чухал байгааг хэллээ.
Ийнхүү 15 улсын 40 гаруй төлөөлөгч, Монголын 200 гаруй мэргэжилтэн, хөрөнгө оруулагч оролцсон уг чуулганы үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2017-2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлд туссан таван төслийн талаар тодорхой шийдлүүд гарч хамтран ажиллах эхний төсөл гарлаа.  
Б.Оюун-Эрдэнэ
 
     
Холбоотой мэдээ