Хоёр дахь вакцины дараа далд шүлхий илэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-11 01:31:00
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд малын гоц халдварт шүлхий өвчин гараад 20 гаруй хонож байгаа бөгөөд сумын хэмжээнд хөл хорио тогтоосон хэвээр байна.
Учир нь хоёр дахь вакцинаа хийгээд 5 хоноход шүлхий өвчин илрээгүй байсан зарим айлуудын малд шүлхий өвчин гарч байна гэсэн мэдээллийн дагуу шалгахад өнөөдрийн байдлаар 115 малд уг өвчин илэрсэн байна. Иймээс малын эмч нар дахин хяналт шинжилгээ үзлэг хийж эхэлжээ. Ингээд дахин устгалын ажил явагдаж байгаа аж. Энэ өвчнийг дахин сайн нягталж дарж авахгүй бол хэдэн сар жилээр үргэлжилдэг учраас маш анхааралтай байж, хөл хориог сайтар биелүүлж ажиллахыг хичээж байгаа юм.
Тус сумын 27 мянган хүний амьдрал үүний цаана явж байгаа гэдгийг иргэд анхаарч ажиллахыг сумын Засаг дарга Н.Лхагвадорж анхаарууллаа. Одоогоор сумын иргэдэд тулгамдаж байгаа асуудал байхгүй, иргэдийнхээ хүнс тэжээлийн асуудлыг шийдвэрлээд голомттой өрхүүдэд хүнснийг нь аваачиж өгч байгаа гэнэ. Хоёр дахь вакцины дараа далд өвчин илэрч эхэлсэн байна. Вакцин хийснээр далд байгаа өвчин илэрч гарах бөгөөд өвчин эдгэрнэ гэж байхгүйг хүмүүс зөв ойлгохыг анхаарууллаа. Вакцины хувьд ОХУ-аас оруулж ирсэн гүн уусгагчтай, энэ оны 8 сард үйлдвэрлэгдсэн, баталгаат хугацаа нь 2 жил сайн чанарын найдвартай гэнэ. Дараагийн вакцины 20 сая төгрөгийг аймгийн засаг дарга шийдээд өгсөн гэлээ. Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд таван хүний бүрэлдэхүүнтэй гурван групп гарч ажиллаж сумын хэмжээний бүх малд үзлэг шинжилгээ хийж эхэлсэн байна. 28 өрхийн 231 малд танадалт хийхэд 18 өрхийн 115 үхэр өвчтэй гарчээ.
Хорио цээрийг хурдан цуцлахыг хүн бүр дор бүрдээ хичээж хувийн эрх ашгаа бус сумын 27 мянган хүний эрх ашгийн төлөө ажиллахыг сумын ЗДТГ-ын хамт олон хүслээ.   
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ