Тэмцээний нийт орлогын 10 хувийг хүмүүнлэгийн үйлсэд зориулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-11-27 15:58:10
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Ардчилсан залуучуудын холбооны нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээний нийт хураамжийн 10 хувийг сайн үйлсэд зориулах юм байна. Тодруулбал, Тархины холбогч эдийн ясны гэмтэл, хавдар гэсэн оноштойгоор Улаанбаатар хотын ХСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа, Баруун-Урт сумын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн сурагч н.Номин-Эрдэнэ охины эмчилгээнд хандивлах аж.

Тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй долоо нийт 29 баг оролцож шилдгийн төлөө өрсөлдсөн юм. Тэмцээний хураамж баг тус бүр 50 мянган төгрөг. Нийт хураамжийн 10 хувийг охинд хандивлахаас гадна тэмцээний турш хандивын хайрцаг аялуулж оролцогч, үзэгчдээс хандив цуглуулжээ.
Залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, багийн спортыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан энэхүү тэмцээн нь аймгийн Ардчилсан залуучуудын холбооны бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдсэнээс хойш зохион байгуулагдаж буй анхны тэмцээн юм. Тэмцээн маш ширүүн өрсөлдөөнтэй болсон. Нөгөө талаараа хоёр өдрийн турш заал үзэгч, хөгжөөн дэмжигчдээр дүүрэн байсан нь энэ спортын хөгжил ямар түвшинд хүрснийг харуулж байна. Үнэхээр сайхан тэмцээн боллоо хэмээн зохион байгуулагчид ярьж байна.

Шилдэг баг шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд Дөл авто сервисийн баг тамирчид, эмэгтэй төрөлд Цэлмэг хотхоны баг тамирчид тус бүр аваргалжээ.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ