Гамшиг, онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-11-24 19:19:51
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн 15 иргэнийг гамшиг, онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхнээр бэлтгэж эхэллээ. Сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэх гурван өдрийн сургалтыг Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан загалмай нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм. Эдгээр сайн дурын идэвхтнүүд тус хоёр байгууллагын нөөцийн системд бүртгэгдэж, цаашид шаталсан сургалт, дадлага ажилд хамрагдан сургагч багшаар бэлтгэгдэнэ.

Сургалтанд зүүн бүсийн гурван аймгийн 45 сайн дурын идэвхтэн хамрагдсан юм. Тэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, гамшигт өртөгсдөд эрүүл мэндийн анхны болон сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх чадавхыг эзэмшлээ. Өөрөөр хэлбэл бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд нь учирч болох аюулт үзэгдэл, гамшгийн үед мэргэжлийн анги байгууллагынханд нэмэлт хүч болох, хохирогчдыг асран халамжлах үүргийг хүлээсэн гэж хэлж болно. Гэхдээ энэ ажил сайн дурын үндсэн дээр явагдах юм.

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа ирж оролцсон. Тэрээр хэлэхдээ “Улаан загалмайн ажил бол сайн дурынханы хүчээр явагддаг ажил. Бид энэ удаад гамшиг, онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтнүүдээр эгнээгээ тэллээ. Манай залуус эх орныхоо, ирээдүйнхээ төлөө эвлэлдэн нэгдэж чаддаг гэдгийг өнгөрсөн зуны их түймрийн үеэр болсон үйл явдал харуулсан. Гагцхүү эдгээр сайн дурын хүмүүс маань бэлтгэгдэх ёстойг бид тэндээс олж харсан юм. Тийм ч учраас энэ удаагийн сургалт маань ихээхэн ач холбогдолтой. Бид цаашид сайн дурын идэвхтнүүдээ илүү чадваржуулах, шат дараатай сургалт, дадлагад хамруулж, өөрийн орон нутагтаа мэдээллээ хуваалцах түвшний болгохын тулд сургагч багшаар бэлтгэх болно.” гэв.

Гашиг, онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтэнээр улсын хэмжээнд 320 иргэн бэлтгэгджээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ