“Адууны түүх” сонгодог жүжиг энэ сарын 24-нд нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-11-22 17:46:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын уран бүтээлчид Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “Адууны түүх” сонгодог жүжгийг УГЗ, найруулагч,  Б.Баатарын найруулгаар шинээр тавихад бэлэн болжээ.

Жүжгийн ерөнхий продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, уран сайхын удирдагчаар Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, ерөнхий зураачаар О.Баярмагнай нар ажилласан бол гол дүр Холстомерийн залуу, идэр, өтөл насанд жүжигчин СТА Э.Тодгэрэл,  С.Болд-Эрдэнэ, Ардын жүжигчин Г.Мягмарнаран, адууны эзэн Серпуховский ванд СТА М.Түвшинхүү тоглох юм.

Алаг цоохор төрсөн адууг эзэн нь голсон ч адуунд нүдтэй баян Серпуховский ван түүнийг худалдаж авснаар жүжиг өрнөнө. Төрснөөс эхлээд өтөл насан хүртэлх түүхээ ярьж буй Холстомер адууны амьдралаар Лев Толстой хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёгтлон харуулах нь үзсэн хүнд нэгийг бодогдуулах болов уу хэмээн уран бүтээлчид хэлж байв.

“Холстомер” хэмээх энэхүү бүтээлийг туурвихдаа зохиолч 30 жилийн амьдралаа зориулсан гэдэг. Тэр хэрээр ч эл бүтээл “Дайн ба энх”, “Анна Каренина” зохиолоос нь дутахааргүй алдартай. Зөвхөн урт удаан хугацаанд бичсэн гэдгээрээ бус унших тусам улам гүнд нь уусан шингэж бодол эргэцүүллийн ертөнцөд оюун санаа, сэтгэл зүрх, мөн чанараа дэнслэн үзэх орон зайг хэн хүнд нээж өгдгөөрөө онцлогтой.

Энэхүү бүтээлээс сэдэвлэн Марк Розовскийн жүжгийн зохиол болгосон “Адууны түүх” жүжиг 1975 онд Санкт Петербургийн Драмын Эрдмийн театрын /Хуучнаар Горькийн нэрэмжит театр/ тайзнаа найруулагч Георгий Александрович Товстоноговын найруулгаар тайзны бүтээл болсон юм.  

Жүжгийн нээлт энэ сарын 24-нд болох гэж байгаатай холбогдуулан УДЭТ-ын Билетийн кассаас тасалбар худалдан авсан эхний 24 үзэгчийг "Хөх морьт" морь уналга, сургалт мэдээллийн төвөөр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхийн бичгээр урамшуулах юм. Мөн азтай үзэгч Дэлхийн хүн Лэв Толстойн сүүлчийн томоохон бүтээл болох "Мэргэн ухааны хуанли" хэмээх хүндтэй номын эзэн болно. 

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10, 15, 20, 25, 30 мянган төгрөгийн үнэтэй аж.

Ж.Болор


 
Холбоотой мэдээ