Анхан шатны сургагч багш нарыг бэлдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-21 23:34:41
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Олон нийтэд түшиглэсэн нялх, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө" сэдэвт нөлөөллийн гурав дахь ээлжийн сургалт Баянхонгор аймагт боллоо.
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй тус сургалтад аймгийн 20 сумын Засаг дарга, Нийгмийн бодлогын мэргэжилтэн, аймгийн ЗДТГ-ын төлөөлөл хамрагдсан байна. Сургалтад хамрагдсан хүмүүс харьяа газрууддаа иргэдэд чиглэсэн сургалтыг зохион байгуулах эрүүл мэндийн анхан шатны  сургагч багш нар болж байгаа аж.
Нялх, бага насны хүүхдийг ямар хугацаанд хооллох, тэжээллэг хоол хүнс хэрхэн бэлтгэх зэрэгт суралцсан хүмүүсийн хувьд сургалтын өмнөх мэдлэгийн түвшин 55 хувь байсан бол, сургалтын дараа 79 хувь болж, мэдлэгийн түвшин нэмэгджээ.
Зөв хооллолт нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, бие махбодид зайлшгүй чухал бөгөөд хоол тэжээл нь хүүхдийн бие бялдар, оюуны болон нийгмийн хөгжилд эерэгээр нөлөөлдөг байна. Харин хоол тэжээлийн хомсдол болон зохисгүй хооллолт нь хүүхдийн хөгжилд урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийн дархлааны тогтолцоо сул байдаг учраас өвчинд илүү өртөмтгий, насанд хүрсэн хойноо ч архаг өвчнөөр өвдөх нь элбэг байдаг аж.
                                                                                                                                                         Б.Мөнхзул
Холбоотой мэдээ