Д.Трампын нэр хүнд эрс унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-07 15:07:21
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын баримталж буй бодлогуудыг ард иргэдийнх нь ердөө 36 хувь нь дэмжиж буйгаа илэрхийлсэн бол үлдсэн хувь нь эсэргүүцэж буйг  "Си-Эн-Эн" телевизийн сувгийн явуулсан социологийн санал асуулгын дүн харууллаа гэж ТАСС агентлаг мэдээлэв.

Д.Трамп ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж эхэлснээс хойш олон нийтийн дунд явуулсан холбогдох санал асуулгууд дундаас энэ удаагийн санал асуулгаар түүний нэр хүнд хамгийн муу үзүүлэлттэй гарлаа гэж "Си-Эн-Эн" телевиз мэдээлжээ.  Сүүлд явуулсан санал асуулгад оролцогчдын дийлэнх нь түүний баримталж буй бодлогуудыг эсэргүүцэж байна.

"Си-Эн-Эн" телевизийн мэдээлснээр, энэ сарын 2-5-нд явуулсан уг санал асуулгад Америкийн мянга гаруй иргэн оролцсон аж. АНУ-ын төрийн тэргүүн нарын дундаас нэр хүнд нь Д.Трампынхаас ч муу үзүүлэлттэй гарч байсан тохиолдлууд гарч байжээ. Тухайлбал, тус телевизийн 2008 онд явуулсан санал асуулгаар америкчуудын ердөө 24 хувь нь л АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийг  дэмжиж байжээ.

Э. Аянзаяа
Холбоотой мэдээ