"Нарны алхалт" намрын хаалтаа хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгорынхон хавраас намрын улирлыг дуустал буюу 5-10 дугаар сарын хооронд Бямба гараг бүр "Нарны алхалт" хийж хэвшээд гурван жил болж байна. Өнөөдөр тус алхалтын хаалт, "Дэлхийн алхалтын өдөр"-тэй давхцаж болсон бөгөөд алхалтын аяны шилдгүүдээ шалгаруулж, урамшуулжээ.
Энэ жил Баянхонгор аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газар бусдыгаа хошуучилж, Долдугаар цэцэрлэг, Хот тохижилт ХХК-ийнхан удааллаа. Шилдгүүдийг алхалтад оролцсон байдал, эрүүл зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг байгууллага дээрээ хэрхэн дэмжиж ажилласан зэргээр нь тодруулдаг байна.
Сонирхуулахад, "Нарны алхалт"-ын хүрээнд Бямба гараг бүрийн өглөөний 08.00 цагт бүх нийтийн алхалт, дасгал хөдөлгөөн хийдэг юм байна. Аймгийн Баганат талбайгаас "Оготнотой булаг" хүртэлх маршруттай тус алхалтад энэ жил давхардсан тоогоор 10 мянга гаруй хүн оролцжээ.
Б.Мөнхзул