Авто зам, нийтийн тээврийн төлөвлөлтийг уялдуулах талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Нийслэл хотын төлөвлөлтийг илүү чанартай болгож, тээврийн загварчлалыг олон улсын түвшинд хүргэхийн тулд дэлхийн томоохон хотуудын туршлагаас судалж буй.
Энэ хүрээнд Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, нийслэлийн Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар тэргүүтэй албаны хүмүүс олон улсын тээврийн төлөвлөлт, загварчлалын тэргүүлэгч PTV группийн Ази, Номхон далайн бүс хариуцсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тээвэр төлөвлөлтийн дэлхийн тэргүүлэгч программ хангамжийн компанитай уулзаж, авто зам, нийтийн тээвэр хот төлөвлөлтийг хэрхэн уялдуулах талаар санал солилцов.
PTV Visum программ нь хотын тээврийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж,
тээврийн хэтийн эрэлт хэрэгцээг тодорхойлж, олон хувилбарт төлөвлөлтийн
загварчлал гаргадаг тээвэр төлөвлөлтийн дэлхийн тэргүүлэгч программ хангамж юм.
Тээврийн математик загварчлал нь хот төлөвлөлтийн үйл ажиллагааны салшгүй хэсэг
бөгөөд тээврийн бодлого боловсруулахад тооцоо судалгаан дээр үндэслэгдсэн тоон
мэдээллийг хангаж өгдөг ач холбогдолтой аж.