Г.Бадамчимэг: Би анх удаа 5 дугаар ангийн сурагчдад монгол бичиг зааж, уншдаг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-05-14 17:47:37
altantogos

Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэж буй энэ өдрүүдэд монгол бичгийг 5 дугаар ангийнхаа шавь нарт зааж сургасан бага ангийн багшийг энэ удаа онцолж байна. Энэ бол Дундговь аймгийн Сайнцагаан сумын Говийн ирээдүй сургуулийн багш Г.Бадамчимэг.

Тэрээр энэ хичээлийн жилд 9 дүгээр сараас эхлэн шавь нартаа монгол бичгийн хичээл зааж, ангийнхаа 36 сурагчид анхан шатны мэдлэг олгожээ. Энэ талаар тодруулж, ярилцлаа.


-Юуны өмнө танд болон таны шавь нарт баяр хүргэе. Монгол бичгийн хичээлийг 6 дугаар ангиас заадаг бол танай ангийнхан 5 дугаар ангидаа энэ хичээлийг үзэж, анхан шатны мэдлэгтэй болжээ.

-Тиймээ. Монгол бичгийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудад 6 дугаар ангиас эхлэн заадаг. Энэ хичээл бол үндэсний бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, уламжлалт соёл, түүхийн ойлголтыг гүнзгийрүүлэх зорилготой хичээл.

Би анх удаа 5 дугаар ангийн сурагчдад монгол бичиг зааж уншуулаад төгсгөлөө. Манай анги 36 сурагчтай. Шавь нар маань ямар ч байсан бүх үсгээ таньж, уншиж, анхан шатны мэдлэгтэй болсон. Хүүхдүүд маань дунд ангидаа монгол бичгийн хичээл дээр сандархааргүй болсон гэж бодож байгаа.


-Цагаан толгойн баяраа хийсэн нь их сайхан санагдлаа.

-Тэгсэн. Энэ хичээлийн жил бидний хувьд их онцлог жил байлаа. Багшийнхаа нэрэмжит Бага ангийн математикийн танхим байгуулж, энэ ангидаа монгол бичгийн хичээл зааж, үндэсний өв соёлоо бяцхан шавь нартаа өвлүүлж, багшийнхаа нэр алдрыг мөнхжүүлсэндээ маш их баяртай байгаа.

Бид 7 хоногт нэг цагийг монгол бичиг сурахад зарцуулж байсан. Тэгээд уншиж сурсныхаа баярыг хийж, сургуулийн удирдлагууд, эцэг эхчүүддээ тайлагнаж, тайлант уншлага хийсэн. Энэ бол нэг талаас өөрийнхөө багшид өөрийгөө харуулж, шалгуулж байгаа хэрэг юм уу даа.


-Та багшаараа маш их бахархадаг юм байна. Багшийнхаа тухай танилцуулна уу?

-Миний багш Тавхайн Ишгэн гэж хүн байсан. Би энэ сургуулийнхаа сурагч байлаа. Багш маань 1980 онд манай сургуульд шилжин ирээд анхны нэгдүгээр ангиа дааж авахад би шавь нь болсон юм. Энэ бол миний амьдралын азтай мөч байсан гэж бодож явдаг. Сайн багштай учирна гэдэг хүн бүрт тохиохгүй аз завшаан гэж боддог. Багш маань бидэнд сайн суурь тавьж, ажил амьдралын гарааг минь зөв эхлүүлж өгсөн.


Миний багш хүүхэд бүрийг уншуулж сургахаас гадна хүүхэд бүрийг яг л нэг хүн шиг гоё бичүүлж сургадаг, өөрийн эзэмшсэн мэргэжилдээ үнэхээр зүрх сэтгэлээ зориулан ажиллаж чаддаг гайхалтай хүн байсан юм.


Би 1993 онд Багшийн сургууль төгсөж, багшийнхаа мэргэжлийг өвлөн аваад төрөлх сургуульдаа ирж, багштайгаа хамт мөр зэрэгцэн ажиллаж байлаа. Бага ангийн багш гэдэг хүний амьдралд хэзээ ч мартагддаггүй нэгэн эрхэм хүмүүн байдаг.  

Багш минь миний анхны эрдэм номын “А” үсгийг заагаад зогсохгүй ажил, амьдралын минь туршид хамт байж зөв үед минь дэмнэж, буруу үед минь зэмлэж явлаа. Түүний хүчинд л би өнөөдөр өдий зэрэгтэй багш болсон байх гэж бодож явдаг.  Би багштайгаа 17 жил хамт ажиллаж, 6 анги төгсөгсөн байна.


Хаана ч явсан би багшийгаа л дурсаж, хайрлаж, нэрийг нь сайнаар гаргаж, “Ишгэн багшийнхаа шавь шүү дээ” гэж хэлж явах дуртай. Миний хувьд багш байхын маань үндэс нь миний багш юм шүү дээ.


-Багшийнхаа нэрэмжит кабинетыг байгуулсан байна. Бага ангийн багшийн нэрэмжит кабинет гэхээр манай аймагтаа анхных уу?

-Тиймээ. Ер нь манай аймагт Бага ангийн багшийн нэрэмжит кабинет байдаггүй шүү. Багш маань 7 анги төгсөгсөн, сүүлд манай сургуульд Бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байсан юм.

Багшийн маань үе үеийн шавь нар, манай сургуулийн удирдлагууд, гэр бүл, хүүхдүүд нь хамтраад орчин үеийн кабинет байгуулсан. Кабинет тохижуулаад орхих нэг хэрэг, байнгын үйл ажиллагаатай байх бас нэг хэрэг. Тиймээс бид хамтраад жил бүр Багшийнхаа нэрэмжит массын олимпиад зохион байгуулахаар төлөвлөж байгаа.



-Саяхан “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг угтаж зохион байгуулсан Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг чадварын сорилгод оролцож, 5 дугаар байр эзэлсэн байсан?

-Энэ жил 5 дугаар байрт орсон байсан. Монгол хэл, монгол бичгийн уралдаан, олимпиадыг алгасалгүй л оролцдог.  2006-2016 он хүртэл төрөлжсөн олимпиадын монол хэлний төрөлд тэргүүн байранд орж байсан. Цэвээнравдан багшийн нэрэмжит олмдиадад бас тэргүүн, дэд болон гуравдугаар байр, Ертөнц төвөөс зохион байгуулсан олимпиадад 3 дугаар байрт тус тус шалгарч байсан.


2023 онд аймгийн төрөлжсөн олимпиадад түрүүлж, төрийн албан хаагчдын олимпиадад 3 дугаар байр эзэлсэн. Аймаг, бүсийн багш нарын ур чадварын уралдаанд орж, мөн шагналт байрт шалгарч байсан.


-Хүүхдүүддээ захиж юу хэлэх вэ?

-Би багшийгаа дурсдаг шиг миний хүүхдүүд намайг дурсдаг байвал миний бахархал тэр юм шүү дээ. Шавь нар маань эрдэмтэй, мэдлэгтэй, зөв сайхан бодолтой, энэрэнгүй сайн хүмүүс болж, эх орноо хайрлаж, хөгжүүлэхийн төлөө сэтгэлээ зориулдаг хүн болоосой л гэж хүсч байна даа.   


-Ярилцсанд баярлалаа. Ажлын их амжилт хүсье!


Холбоотой мэдээ