СЭЛЭНГЭ: Монгол бичгийн багш нарын олимпиадад Дархан-Уул аймгийн багш нар тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. ХХ зууны манлай эрдэмтэн, шинжлэх ухааны ууган доктор, академич
Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байгаа.
Энэхүү ойг Сэлэнгэ аймагт тэмдэглэх ажлын
хүрээнд "Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгчид" Монгол бичгийн
багш нарын олимпиадыг энэ сарын 10-ны өдөр их эрдэмтний нэрэмжит Алтанбулаг
сумын ЕБС дээр зохион байгууллаа.
Олимпиадад Дархан-Уул, Сэлэнгэ
аймгийн багш нарын 19 багийн 38 багш оролцож, мэдлэг, чадвараа сорин өрсөлдлөө.
Багш нарын дунд зохион байгуулсан энэхүү үндэсний бичгийн олимпиадыг хөрвүүлэг,
үгийн гарал, таталган бичгийг унших, дүрэм зэрэг агуулгаар зохион байгуулжээ.
Олимпиадад нэг сургуулиас 2 багш баг
болон оролцсон байна. Ингээд Дархан-Уул аймгийн багш нарын баг тэргүүлж, цомын
эзэд болжээ.
Олимпиадыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ,
аймгийн Боловсролын газар, Алтанбулаг сумын ИТХ, ЗДТГ, Дархан-Уул аймгийн
Боловсролын газар хамтран зохион байгууллаа.
Ташрамд, нэрт эрдэмтний 100 насны ойгоор буюу
2005 оны 7-р сарын 6-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 153 тоот тогтоолоор
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ийг
түүний нэрэмжит болгосон юм.
Их эрдэмтний гэрэлт хөшөөг бүтээж, 2015-2016 оны хичээлийн
шинэ жилийн нээлтийн үеэр сургуулийнхөө өмнө талбайд ёслол хүндэтгэлтэйгээр
залсан байдаг.
Академич Б.Ринчений гэрэлт хөшөөг түүний ач хүү, уран барималч Б.Дэнзэн бүтээсэн байна.