Баруун аймгийн зарим нутагт ургамал сайн ургаагүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий, Дундговийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төвийн зарим, Увс, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумын нутгаар энэ сарын 10-ны байдлаар ургамал сайн ургаагүй байна.
Орхоны нийт, Увс, Булган, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатарын
ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв,
Өмнөговь, Говьсүмбэрийн зарим, Баян-Өлгий, Хөвсгөл, Дархан-Уул, Дундговийн цөөн
сумын нутгаар дунд, Хэнтий, Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Говьсүмбэрийн
ихэнх, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговийн цөөн сумын
нутгаар бэлчээрийн ургамал хэвийн ургажээ.
ЦУОШГ-ын
мэдээлснээр, салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-27 м/с, Баянхонгорын Богд, Шинэжинст,
Баянцагаан, Баацагаан, Жинст, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Баян-Өндөрт 27-34
м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Агаарын
температур өнгөрсөн 10 хоногт ихэнх
нутагт дунджийн орчим буюу түүнээс 1.1-3.2 градусаар хүйтэн, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уулын
нийт, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Төвийн зарим сумдын
нутгаар дунджаас 1.1-3.0 градус дулаан, хур тунадас нийт нутгийн 60 орчим хувьд
дунджийн орчим буюу түүнээс ахиу, 40 гаруй хувьд дунджаас бага оржээ.
Архангайн ихэнх, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч зам даваа, гүвээ цасанд хаагдан авто замд халтиргаа гулгаа үүссэн. Архангай аймгийн Цагаан даваа, Завханы Солонготын даваанд том оврын, суудлын авто машинууд замын зорчих хэсэгт бөөгнөж, зам боогдсон байна. Архангайн Хотонт, Булган, Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Өвөрхангайн Бат-Өлзий, Хөвсгөлийн Жаргалант, Шинэ-Идэрт 41.1-85.3 мм хүртэл хур тунадас оржээ.