Төгрөгийн хадгаламж 2024 оны мөн үеийнхээс 3.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-05-14 10:01:56

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2025 оны 4 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 0.6 тэрбум төгрөгөөр их байна.


Мөнгөний нийлүүлэлтийн 88.2 хувийг дотоод цэвэр актив, 11.8 хувийг гадаад  цэвэр актив бүрдүүлжээ.


Дотоод цэвэр актив 36.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 8.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн аж. Гадаад цэвэр актив урьдчилсан гүйцэтгэлээр 4.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс их наяд төгрөгөөр буурсан байна.


Төгрөгийн хадгаламж 2025 оны 4 дүгээр сарын эцэст 21.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 3.3 их наяд төгрөгөөр их байна. Төгрөгийн хадгаламжийн 19.2 их наяд төгрөг нь иргэдийнх, 2.8 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байгаа аж.


Валютын хадгаламж 5.2 их наяд төгрөгт болж, 2024 оны мөн үеийнхээс 874.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 39.8 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 9.9 их наяд төгрөгөөр их байна. Зээлийн өрийн үлдэгдлийн 60.1 хувь нь иргэд, 37.1 хувь нь хувийн байгууллага, 1.2 хувь нь төрийн байгууллага, 1.6 хувь нь санхүүгийн байгууллагад байна.


Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн 90.9 хувийг, анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн 3.9 хувийг, чанаргүй зээл нийт зээлийн 5.2 хувийг эзэлжээ.


Монголын ипотекийн зээлийн үлдэгдлийн 9.6 их наяд төгрөг (97.7 хувь) хэвийн, 139.2 тэрбум төгрөг (1.4 хувь) анхаарал хандуулах, 86.0 тэрбум төгрөг (0.9 хувь) чанаргүй зээлийн ангилалтай байна.


Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 4 дүгээр сард 3541.60 төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 165.1 төгрөгөөр суларсан байна.


Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 3978.76 төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 355.2 төгрөгөөр, өмнөх сараас 210.2 төгрөгөөр суларсан аж.


Мөн төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 42.53 төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 6.2 төгрөгөөр, өмнөх сараас 1.8 төгрөгөөр суларчээ.


Улмаар төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 485.09 төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 18.7 төгрөгөөр суларсан байна.

Холбоотой мэдээ