ДУНДГОВЬ: Түүх, соёлын өвийг таниулах хөтөлбөр хэрэгжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-05-14 14:36:14
altantogos

Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн музей, Байгаль орчины газар хамтран Говийн ирээдүй сургуулийн “Бяцхан археологич” болон “Нахиа” эко клубийн хүүхдүүдийн дунд “Өнгөрснөө бүү арчаарай” уриан дор түүх, соёлын өвийг таниулах хөтөлбөр хэрэгжүүлэв.


Тус хөтөлбөрийн хүрээнд Өлзийт сумын нутагт байрлах Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газар болон түүх, соёлын өв, археологийн дурсгалт газар болох Дэл уулнаа танин мэдэхүйн аялал хийж, мэдлэгээ тэлжээ.


Түүнчлэн тус хөтөлбөрийн хүрээнд Музейн эрдэм шинжилгээний ажилтан М.Буяндэлгэр “Дэл уулын хадны зураг, түүний түүхэн үнэ цэн” сэдвээр, Байгаль орчны газрын мэргэжилтэн М.Мөнхзул “Ногоон амьдралын хэв маяг” сэдвээр сургалт хийж, байгаль орчныг хайрлан хамгаалах, байгальд ээлтэй амьдрах талаар ойлголт өгсөн юм.


Хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд Дэл уулнаа хийсэн аялал болон хөтөлбөрт оролцон сурч мэдсэн зүйлээ уран бүтээл болгон буулгажээ. Ингэснээр хөтөлбөрийн оролцогч хүүхдүүдийн хувьд хадны зураг, түүх, өв соёл, байгаль хамгаалах талаар олж авсан мэдлэгээ бататгаж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, соёлын үнэт өвийг хайрлан хамгаалах хандлагыг нэмэгдүүлсэн ач холбогдолтой байсныг сургагч багш нар онцоллоо.


Түүнчлэн оролцогч хүүхдүүд хөтөлбөрийн хугацаанд нэг удаагийн гялгар уут, бусад хэрэглэгдэхүүнээс татгалзаж, хоггүй аялал хийхийг уриалж, хүрээлэн буй орчноо цэвэр байлгах, байгалиа хамгаалах үйлсэд суралцжээ. 





Холбоотой мэдээ