Хятадын даргатай уулзах нь сонгуультай холбоогүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-05 16:04:03

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Бямба гарагт Сингапурт болох Хятад болон Тайванийн удирдагчдын түүхэн уулзалт уг арлын эрх баригч Гоминьдан намын сонгуулийн өмнөх кампанит ажилтай ямар ч холбоогүй бөгөөд зөвхөн Тайванийн хоолойн хоёр талд орших эрэг хоорондын харилцааг цаашид хэвийн болгоход” чиглэгджээ. Энэ тухай Тайванийн засаг захиргааны тэргүүн Ма Инзю Тайбэй хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Уулзалтын явцад “Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааны асуудлыг хөндөхгүй” гэдгийг тэрбээр мэдээлжээ.

“Уулзалтын үеэр хэлэлцэх асуудалд Өмнөд Хятадын тэнгисийн маргааныг оруулаагүй” гэж Ма Инзюгийн хэлснийг Тайванийн хэвлэлүүд уламжилсан байна. Харин олон улсын тавцанд Тайваньд үүсээд байгаа асуудлуудыг Си Зиньпинтэй хэлэлцэхээр төлөвлөж байна гэж тэрбээр хэлжээ.

“Тайвань олон улсын арга хэмжээнүүдэд оролцоход олон жил маш олон хүндрэл бэрхшээлтэй тулгарсаар ирсэн" гэж Ма Инзю хэлсэн байна. "Бид энэ асуудлыг Хятадын даргатай уулзах үеэрээ хэлэлцэх боломжтой бөгөөд Тайвань олон улсын тавцанд илүү их орон зай эзлэх боломж олгох өөр өнцгөөс ийм зөвшилцөлд хүрнэ гэдэгт найдаж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Тэрбээр мөн Сингапурт хамтарсан мэдэгдэл эсвэл ямар нэг баримт бичигт гарын үсэг зурахгүй гэдгийг нотолсон байна.

Ма Инзю сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, энэ уулзалтыг зохион байгуулахад АНУ оролцоогүй гэдгийг тайлбарлажээ. Гэхдээ Тайбэйгийн эрх баригчид “төлөвлөгөөнийхөө талаар Америкийн талд урьдчилан мэдэгдсэн бөгөөд Вашингтоноос нааштай хариу авчээ”.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ