Баянголчууд “Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хэвээр үлдээх нь зөв” хэмээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-15 13:37:47
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт энэ сарын 12-14 өдрүүдэд болж өндөрлөлөө. Хангай, төв, говь хэмээн гурван бүсэд хуваан хэлэлцүүлсэн уг арга хэмжээ энэ сарын 12-ны өдөр Баянгол суманд эхэлж, говийн бүсийн Баянгол, Баян-Өндөр, Сант, Төгрөг, Гучин-ус, Богд сумдын төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын албан хаагч, нутгийн иргэд зэрэг 120 гаруй хүн хамрагдсан юм.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын Тамгын газрын зөвлөх Б.Мөнхцэцэг хөтлөн явуулж, УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж нар танилцуулга хийн иргэдэд ойлголт өглөө. Хэлэлцүүлэгт оролцохоор иргэд идэвхтэй цугласны дотор 1992 онд Үндсэн хууль батлалцаж байсан Ардын Их Хурлын депутат С.Пүрэв, Н.Дашдондог нар ч хүрэлцэн ирсэн байв.
Иргэдийн зүгээс Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хэвээр үлдээх, Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намаас гадна хувь хүн нэр дэвших боломжоор хангах, багийн Засаг даргыг иргэдийн санал хураалтаар сонгодог байх, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуульд зааж өгөх зэргээр санал бодлоо илэрхийллээ. Мөн сумдын удирдлагуудаас “УИХ-ыг тараахад ямар ямар үндэслэлүүд байдаг вэ?”, “Засгийн газрын нэг салбарын асуудлаас болж танхимаа унагаах нь зөв үү” гэхчлэн сонирхсон асуултынхаа хариуг авсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг орон нутагтаа үргэлжлүүлэн зохион байгуулахын тулд аймаг, сумын ИТХ, ЗДТГ, төрийн захиргааны байгууллагаас 86 сургагч багш нарыг бэлтгэж, ном гарын авлагаар хангалаа.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ