Аль-Багдади Сирийн Дейр-эз-Зор мужид орогнож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-26 09:05:13
ДАМАСК./TASS/. “Лалын улс” террорист бүлэглэлийн толгойлогч Абу аль-Багдади амьд байгаа ба Сирийн зүүн нутгийн Дейр-эз-Зор мужид орогнож байгаа ажээ. Энэ тухай “Al-Quds Al-arabi” сонинд мэдээлсэн байна. 

Тус сонины эх сурвалжийн ярьснаар, аль-Багдади Ирактай залгаа орших Дейр-эз-Зор мужийн Альбу-Камаль, Эль-Маядин суурингуудын орчимд байж магадгүй аж.

Сири, Иракийн хотууд дахь хяналтаа алдсаныхаа дараа “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчид, хээрийн цэргийн командлагчдын ихэнх нь дээр дурдсан суурингууд руу зугатсан байна. Террорист №1 гэгддэг аль Багдади бүлэглэлийг удирдахад голлох үүргийг гүйцэтгэсэн хэвээр байгаа аж.

“Ас-Сумария” телевиз 7 дугаар сарын 11-нд Иракийн Найнава мужийн орон нутгийн эх сурвалжийг иш татан мэдээлэхдээ "Лалын улс"-ын зэвсэгт этгээдүүд өөрсдийн толгойлогч аль-Багдади амиа алдсан тухай зарласан" гэжээ.

6 дугаар сарын дундуур ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэхдээ, Сирид 5 дугаар сарын сүүлчээр хийсэн Оросын агаарын цохилтын дүнд аль-Багдади 300 зэвсэгт этгээдийн хамтаар амиа алдсан гэж байсан юм. Үүний дараагаар АНУ-ын засаг захиргаа, цэргийн төлөөлөгчид "Лалын улс"-ын толгойлогч амиа алдсан тухай мэдээллийг баталж чадахгүй байгаагаа нэг бус удаа мэдэгдэж байв. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис баасан гарагт мэдэгдэхдээ "аль-Багдадиг устгасан гэж мэдээлж байгаа боловч тэрбээр одоо болтол амьд байгаа" хэмээн таамаглаж байгаагаа хэлжээ.
О.Барс 

 

Холбоотой мэдээ