Мексикийн шоронд 28 хоригдол амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
adiyakhuu@montsame.mn
2017-07-07 11:01:48

МЕХИКО./BBC/. Мексикийн баруун өмнөд нутаг дахь нэгэн шоронд хоригдож буй гэмт хэргийн хоёр том бүлэглэлийн гишүүдийн хооронд дэгдсэн мөргөлдөөний улмаас олон хүн амиа алджээ.

Тус улсын Акапулько хот дахь "Лас-Крусес" шоронгийн удирдлагын мэдээлснээр, өнгөрсөн шөнө хоригдлуудын хооронд дэгдсэн үймээн зодооны үеэр 28 хүн амиа алдсан байна.

Акапулько бол Герреро мужийн хамгийн том хот бөгөөд хар тамхи үйлдвэрлэдэг хамгийн том төвүүдийн нэг юм. Тус хот өмнө нь Мексикий аялал жуулчлалын гол чиглэлүүдийн нэг байсан боловч өдгөө тэнд гэмт хэргийн тоо эрс өссөний улмаас хамгийн аюултай газруудын нэг болон хувирчээ.

Олныг хамарсан үймээн гарсантай холбогдуулан Герреро мужийн захирагч болсон явдлыг мөрдөн шалгахыг тушаасан бол цагдаа нар болон цэргүүд “Лас-Крусес” шоронг бүслэн хаагаад байна. Учир нь, шорон дотор зодоон болж, олон хүн амиа алдсан гэдгийг сонссон хоригдлуудын төрөл төрөгсөд шорон руу нэвтрэн орохын тулд өргөст торон хамгаалалтыг сэтэлжээ.

Мексикийн шоронгуудын ихэнх нь хоригдлуудаар дүүрээд байгаа аж. Одоогоор “Лас-Крусес” шоронд гэхэд 2000 гаруй хүн ял эдэлж байна.

Б.Адъяахүү 
Холбоотой мэдээ