Гамбургт болсон мөргөлдөөний үеэр 74 цагдаа гэмтэж бэртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-07-07 10:13:15
ГАМБУРГ./TASS/.“Их-20”-ийн Дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр гэмтэл бэртэл авсан цагдаа нарын тоо 74-т хүрсэн байна. Өмнө нь Гамбург хотын цагдаагийн газар 15 цагдаагийн ажилтан шархадсан тухай мэдээлж байсан юм.

Даяаршлыг эсэргүүцэгч хөдөлгөөнийхөн баасан гарагт шилжих шөнө хотын янз бүрийн дүүрэгт отрядууд байгуулж, цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн байна. Жагсагчид хотын дээгүүр нисч байсан нисдэг тэрэгний нисгэгчид рүү лазерын гэрэл тусгаж, нисдэг тэргийг жолоодлогогүй болгох оролдлого хийжээ.

Гамбург хотын Альтон дүүрэгт 50 гаруй хүн дэлгүүрүүдийн лангууны шил, цонхыг хагалж, хогийн савуудыг шатааж байв. Мөн Шанценфиртель дүүрэгт зүүний радикал үзэлтнүүд олноороо цугларсан байлаа. Цагдаа нар жагсагчдын эсрэг усан буу хэрэглэжээ.

Жагсаал цуглааны болж байгаагийн зэрэгцээ Гамбург хотод олон километр үргэлжилсэн автомашины түгжрэл үүссэн байна. Ялангуяа хотын төвийг нисэх онгоцны буудалтай холбосон хурдны зам дээр нөхцөл байдал нэн хүнд байгаа аж. Учир нь, “Их-20”-ийн хуралд оролцох улс орнуудын төлөөлөгчид шөнө дунд хүрэлцэн ирсэн байна. Хотын төв рүү орох замуудыг цагдаа нар хаажээ. Дээд хэмжээний уулзалт дуусах хүртэл Гамбургт нөхцөл байдал нэлээд төвөгтэй байх бололтой.

Б.Адъяахүү     
Холбоотой мэдээ