Парламентын гишүүдийн тоог гуравны нэгээр цөөрүүлэх нь зүйтэй гэж Э.Макрон мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-07-04 14:05:57
ЛОНДОН./BBC/. Францын парламентын гишүүд, сенатчдын тоог гуравны нэгээр цөөрүүлэх нь зүйтэй гэж тус улсын Ерөнхийлөгч Э.Макрон үзэж байна. Тэрбээр Версалийн ордонд Франц улсыг хэрхэн удирдах талаар үг хэлэх үеэрээ ингэж мэдэгджээ .

Төрийн тэргүүний үзэж байгаагаар, парламентын депутатууд, Сенатын гишүүдийн тоог цөөрүүлснээр тус улсыг илүү оновчтой, үр дүнтэй удирдах боломж нээгдэх аж. Шинэчлэлийн үр дүнд ард түмний элч нар илүү их хэмжээний санхүүжилт авч, эрх мэдэл нь илүү өргөн болно гэдгийг Э.Макрон дурджээ.

Ерөнхийлөгчийн энэ санаачилга дэмжигдэх аваас парламентын доод танхимын депутатуудын тоо 577-гоос 385 болж цөөрөх бол дээд танхим болох Сенатын гишүүдийн тоо 348-аас 232 болох юм.

Э.Макрон батлан гаргаж буй хуулиудын тоог цөөрүүлэх, парламентын танхимууд хоорондын харилцааг уян хатан хялбар болгох шаардлагатай гэж үзжээ. Мөн тэрбээр сонгуулийн тогтолцоог өөрчилж, хувь тэнцүүлсэн болгохыг санал болгосон байна.

Үүнээс гадна Франц улсад 2015 оны 11 дүгээр сараас хойш үйлчилж буй онц байдлын дэглэмийг 2017 оны намар цуцална гэдгийг Ерөнхийлөгч мэдээлжээ.
О.Барс 

 

Холбоотой мэдээ