Наадмаар нийтийн хоолны үйлчилгээний зөвшөөрлийг 60 иргэн, аж ахуйн нэгжид олгоно

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-04 13:38:49
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмаар нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 60 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох тухай шийдвэрийг Өлгий сумын ИТХ-аас гаргажээ.

Энэ талаар Хот тохижуулах албаны дарга Алданышийн Ерлан мэдээллээ.

Тус 60 хоолны газрын 48 нь аймгийн Төв стадионд, 18 нь Хүүхэд, залуучуудын парк дотор ажиллах юм. Зөвшөөрөл олгогдсон нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид морины барианы газарт ч үйл ажиллагаа явуулах аж.  Мөн Өлгий сумын Хот тохижуулах албаны зүгээс худалдаа эрхлэгчдэд зориулж стадионд 96 метрийн урттай лангуу байршуулжээ.    

Нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад ажилчид нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх, хоол хийх түүхий эдээ лабораторийн шинжилгээнд хамруулсан байх,  эрүүл ахуйн шаардлагад нийцсэн аяга, таваг, халбага, сэрээгээр үйлчлэх, гадна талбайдаа үйлчлүүлэгчид зориулсан ширээ, сандалтай байх зэрэг шаардлагууд тавигдаж байна.

Түүнчлэн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас баяр наадмын үеэр гэрээр хуушуур хийж, наадмын талбай, гудамж, морины барианы газарт зарахыг хориглосон талаар тус газрын Эрүүл мэнд, боловсрол, хүнсний аюулгүй байдлын хэлтсийн дарга Т.Күлзира мэдээллээ. Тэрээр: “Иргэдэд зориулалтын бус газарт зөвшөөрөлгүй хүмүүсээс хоол, ундаа худалдаж авахгүй байх, аливаа эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Хууль, журам зөрчиж, мэргэжлийн байгууллагын зүгээс тавигдсан шаардлагыг хүлээж аваагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэв.

Дашрамд хэлэхэд, Баян-Өлгийчүүд Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын Хувьсгалын 96 жилийн ойн баярыг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд тэмдэглэнэ.  
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ