Евротуннелиэр 79 ширхэг гар буу ачиж явсан автомашиныг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-07-04 13:38:47
ЛОНДОН./BBC/. Их Британийн цагдаа нар Үндэсний эрүүгийн товчоотой /NCA/ хамтран Францтай залгаа хил дээр чиргүүл дотор нь 79 ширхэг гар буу нуусан автомашиныг илрүүлэн саатуулсан байна.

Эдгээр гар бууг “Мерседес” маркийн шар өнгийн микроавтобусны чиргүүл дотор хөдөлгүүрийн эд ангиудын дунд нуусан байжээ.

Гэрэл зургуудаас харахад хууль зөрчигчид жижиг загварын 4 мм-ийн “Ekol Arda”, 6 мм-ийн “Zoraki Streamer” гар буунууд болон сумнуудыг Их Британи руу оруулахыг завдсан аж.

Хэдийгээр дээрх гар буунууд нь жижиг загварын боловч үхэл тарих чадвартай, тэдгээрийг хувцсандаа хялбархан нуух боломжтой гэдгийг NCA дурджээ.

Хориотой бараа хууль бусаар хилээр гаргахаар завдсан микроавтобусны эзэн 59 настай Польшийн иргэн Януш Мичек, зорчигч 23 настай Чехийн иргэн Денис Коленчуков нарыг шалгаж байна. Энэ хоёр хүн хоёулаа Их Британид амьдардаг аж.

Нууц мэдээлэгчээс сэжиг бүхий ачааны талаар мэдээлэл өгсний дараа дээрх буунуудыг илрүүлжээ. 
О.Барс 

 

 


Холбоотой мэдээ