Дорнод аймгийн авто тээврийн гуравдугаар баазын 90 жилийн ой тохионо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-22 12:43:24
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн авто тээврийн 3 дугаар баазад ажиллаж байсан ахмадууд ирэх 8 дугаар сард 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Тус байгууллагын түүхийг сөхвөл, Монгол Улсын Тээх нэвтрүүлэх ерөнхий газрын 1927 оны 317-р тоот шийдвэрээр Баянтүмэнгийн “Тээхийн ангийн хороо” нэртэйгээр анх байгуулагдаж байжээ.
Тухайн үед Баянтүмэнд байсан ердийн хөсгийн хэсгийг өргөтгөн улсаас ЯАЗ маркийн машин 5 ширхэгийг өгснөөр хөдөөгийн ууган авто баазын тулгын чулууг тавьсан юм. Авто тээврийн 3-р бааз хүрээгээ тэлсээр 1970-аад он гэхэд мянга орчим ажилтантай, арав хол давсан төрлийн 800 гаруй тээврийн хэрэгсэлтэй, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн хэрэгцээт бүхий л импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж байв. Энэ хугацаанд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-г хүртэж, тус байгууллагаас БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Т.Тангад төрөн гарчээ.
Зах зээлийн үед татан буугдсан энэ байгууллагатай ажил амьдралаа холбож явсан ахмадууд цугларч, 90 жилийн ойн бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ