“Deutsche Bank” Д.Трампын зээлд ОХУ холбоотой талаарх мэдээллийг өгөхөөс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-06-09 15:39:51
МОСКВА./TASS/. “Deutsche Bank” АНУ-ын Конгрессийн Ардчилсан намын таван гишүүн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон түүний гэр бүлийн гишүүдэд олгосон зээлтэй Орос улс холбоотой эсэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Тус банк Америкийн хувийн мэдээллийг нууцлах тухай хуулийг иш татан ийнхүү татгалзжээ гэж “Reuters” агентлаг мэдээллээ.

АНУ-ын Конгресс, шүүхээс тогтоож өгсөн нууц мэдээллийг хамгаалах хил хязгаарыг “Deutsche Bank” хүндэтгэх шаардлагатай гэдгийг та нар ойлгох байх гэж бид найдаж байна” гэж тус агентлаг банкны парламентчдад өгсөн хариуг иш татан мэдээлжээ. 

АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын санхүүгийн үйлчилгээ хариуцсан хорооны Ардчилсан намын таван гишүүн 5 дугаар сарын 23-нд “Deutsche Bank”-нд Д.Трампын гүйлгээний талаарх мэдээллийг өгөхийг хүссэн албан бичиг явуулсан юм. Дээрх парламентчид Оросын Засгийн газар Д.Трампын үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ хийхэд тус банкинд зээлийн баталгаа гаргасан эсэхийг мэдэхийг хүсчээ.

Мөн тэд 2011-2015 оны хооронд Оросоос 10 тэрбум орчим доллар гаргасан, үүнийхээ төлөө “Deutsche Bank”-ыг энэ оны 1 дүгээр сард Нью-Йоркын эрх баригчид 425 сая доллароор торгосон тухай мэдээллийг сонирхжээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, Германы томоохон санхүүгийн байгууллага хэдэн парламентчидаас бус харин нийт парламентын хороог төлөөлсөн хүсэлт ирүүлэхийг хүлээж байгаа ажээ. Гэтэл парламентын Бүгд найрамдах намын гишүүд тус баримт бичгийн дор гарын үсэг зурахаас татгалзжээ.
О.Барс 


Холбоотой мэдээ