Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Дорнод аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-07 15:51:56
Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд сонгуулийн кампанит ажлаа наранд ойрхон нутаг Дорнод аймгаас эхлүүллээ. Тэрээр Дорнодод ирмэгцээ хамгийн түрүүнд домог түүхийн өлгий нутгийн гал голомт болсон “ДБЭХС” ТӨХК-ийн хамт олонтой уулзсан юм.
“Хамгийн анхны уулзалтаа ийм бүтээлч, ажилсаг хүмүүстэй хийж байгаадаа баяртай байна” гэж хэлсэн үгэндээ онцлоод МАН-ын Засгийн газар богино хугацаанд үр дүнтэй ажиллаж, эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байгааг, Зүүн бүсийн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах чиг үүрэгтэй тус станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан таатай мэдээг дуулгалаа. Үүний дараа Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт иргэд сонгогчидтой нэгдсэн уулзалт хийлээ. М.Энхболд “Наранд ойрхон нутгаас сонгуулийн ажлаа эхэлж байгаадаа ихэд бэлгэшээж байна. Маршал Х.Чойбалсангийн унасан газар, тусгаар улсаа бататган хамгаалсан түүхт нутгийг зорьж сонгож ирсэн нь тохиолдлын хэрэг биш” хэмээн уулзалтыг нээв. 
Түүнийг Монгол төрийн тэргүүн байж чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэж байгаагаа цугласан иргэд дуулгаж, нам дотроо зөрчилтэй хүмүүс улс орныг удирдаж авч явж чаддаггүй гэдгийг ч өнгөрсөн дөрвөн жилд хангалттай амссан болохоор энэ удаад төр нэг толгой, нэгдсэн бодлоготой байх тийм сонголт хийнэ гэдгээ илэрхийлжээ. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ