Баллистик пуужингаас хамгаалах систем туршсан АНУ-ыг Пхеньян шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-06-01 22:17:47
ПХЕНЬЯН. /Yonhap/. Тив алгасах баллистик пуужинг /ТАБП/ замаас нь амдан сөнөөх туршилтыг амжилттай хийсэнтэй нь холбогдуулан АНУ-ыг Умард Солонгос эрс шүүмжиллээ.

АНУ-ын БХЯ буюу Пентагон өчигдөр мэдэгдэл хийхдээ “мягмар гарагт Маршалын арлууд дахь талбайгаас хөөргөсөн ТАБП-г Калифорни муж улс дахь Ванденбергийн агаарын цэргийн хүчний амдан сөнөөх системээр харван унагаасан” гэсэн юм.

Үүнтэй холбогдуулан Умард Солонгосын Ази-Номхон далайн энх тайвны хорооны хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр мэдэгдэл хийсэн байна.

Уг мэдэгдэлд “Солонгосын хойг ба бүс нутгийн нөхцөл байдал эрс муудаж байгаад дан ганц АНУ буруутай” гэжээ.

Мөн мэдэгдэлд “манай улс цөмийн болон пуужингийн технологиудаа улам боловсронгуй болгосоор байна. Бид далай тэнгис, хуурай газар ба агаарын алинаар ч онилсон байндаа тусч цохилт өгөх боломжтой болсон” гэжээ.

Хэрвээ АНУ цэргийн сөргөлдөөн, өдөөн хатгалгаа зогсоохгүй бол өөрөө их хэмжээний гарз хохирол амсах болно гэж Умард Солонгос анхааруулсан байна.

Нисэх онгоц тээвэрлэгч хоёр хөлөг онгоцоо Солонгосын хойг орчимд Япон тэнгист байрлуулсантай нь холбогдуулан АНУ-ыг Пхеньян мөн буруушаажээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ