А.Чадраабалын "Тэнгэрийн өрх" үзэсгэлэн дэлгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-21 17:50:05
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. “Олон улсын музейн өдөр” өнгөрсөн баасан гарагт тохиож, Төв аймгийн Музейд АСЕМ буюу Ази-Европын дээд төвшний 11 дэх удаагийн чуулга уулзалтад зориулж бүтээсэн, Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач А.Чадраабалын “Тэнгэрийн өрх” үзэсгэлэн дэлгэгдэв.

Монголын Урчуудын эвлэлийн шагналт, зураач А.Чадраабал: “Тэнгэрийн өрх” үзэсгэлэнгээрээ таван тивийн олон үндэстэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн төрөлхтний шинжлэх ухааны нээлт ололт, оюун санааны эв, хамтын ажиллагааны харилцаа холбоог илтгэж, нүүдэлчдийн өнө эртний түүх соёл, урлагийн өвийг дүрслэн харуулахыг зорьсон гэв.

Тэрээр 2004 онд “Цэнхэр бороо” анхны үзэсгэлэнгээ Дүрслэх урлагийн музейд гаргаж байсан бол түүнээс хойш олон улсын тавцанд хэд хэдэн удаа бүтээлүүд нь дэлгэгдсэн байна.

Түүний “Тэнгэрийн өрх” бүтээл Их жанжин Д.Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн 12 дугаар сараас байрлаж буй бөгөөд уг бүтээлээрээ төрийн дээд “Алтан гадас” одон хүртсэн юм. “Тэнгэрийн өрх” үзэсгэлэн Төв аймгийн музейд бүтэн сарын турш гарна.
 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ