Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анхдугаар паралимп боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 15:21:15

Өвөрхангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн анхдугаар паралимп Арвайхээр хотноо өнгөрөгч долоо хоногт боллоо.

Тус спортын наадмыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах аймгийн хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор Боловсрол, соёлын газар, Энхтайвны корпус олон улсын байгууллага, Монголын тусгай олимпын хороо хамтран зохион байгуулсан юм.

Спортын ордоны хойморт олимпийн галт бамбарыг асааж, тусгай олимпийн тугийг өргөн мандуулснаар нээлтийн арга хэмжээгээ эхлүүлсэн тус наадамд 12-18 насны 40 гаруй хүүхэд оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөнгөн атлетик, хүндийн өргөлт гэсэн спортын 4 төрлөөр  72 багц медалийн төлөө  хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Хүүхдийн анхдугаар паралимпд багийн дүнгээр Шинэзуун бүс тэргүүн байранд шалгарч цомын эзэн болсон бол Ханхөгшин, Орхон түшээ, Говь-Эрдэнэ бүсүүд амжилттай оролцож, Биеийн тамир, спортын газрын медалиар шагнагдлаа. Түүнчлэн паралимпийн үеэр 12 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй 20 гаруй хүүхдийн дунд спорт тэмцээнүүдийг зохион байгуулсан юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ