Авто машингүй өдөр тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-05-17 16:29:23
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт суманд өнөөдөр авто машингүй өдөр тохиож байна. Тус арга хэмжээг Замын цагдаагийн тасгаас зохион байгуулдаг бөгөөд аймгийн  ИТХ-ын даргын тогтоолоор жил бүрийн тав дугаар сарын хоёр дахь долоо хоногийн нэг өдрийг машингүй өдөр болгож байхаар шийдвэрлэсэн байдаг юм. Энэ жил авто машингүй өдрийг тав дахь жилдээ тэмдэглэж байна.
“Энэ жилийн тухайд аймгийн төвийн нэг, хоёр дугаар тойргийн замуудын хөдөлгөөнийг бүрэн хаасан. Замын хөдөлгөөнд хяналт тавих ажилд Цагдаагийн газрын 20 гаруй албан хаагчид оролцож байна. Сүүлийн үед аймгийнхэмжээнд зам тээврийн осол урьд жилүүдээс өсөх хандлагатай байна. Аймгийн төв дээр гарч байгаа солын хувьд замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигчид гарцгүй газраар гарах, урин дулаан цаг эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүд хараа хяналтгүй олон нийтийн зам талбай дээр тоглох үедээ зам тээврийн осолд өртөж, бэртэх тохиолдол гарч байна. Одоогоор дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртөөд байна. Гэхдээ хүнд бэртэж гэмтэх, амь насаа алдсан тохиолдол байхгүй...” гэдгийг Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Ч.Уранбор хэллээ.
Авто машингүй өдрийн гол зорилго нь бага насны хүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох соёлыг сурталчилахад оршдог. Энэ үеэр хүүхдүүдийн дунд дугуйн уралдаан, гар зургийн уралдаан зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай.
Жолооч нар энэхүү арга хэмжээнд хүндэтгэлтэй ханддагаас гадна, орон нутгийн иргэд ч авто машингүй өдрийг маш сайшаалтайгаар хүлээн авдаг юм.
2016 он, 2017  оны нэгдүгээр улиралын байдлаар аймгийн хэмжээнд зам тээврийн осол 2,3 хувиар өсчээ.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ