CNN-ийн эфирийн цагийн 90 гаруй хувь нь Д.Трампыг шүүмжлэхэд зориулагджээ

Дэлхийд | Улс төр
bars@montsame.mn
2017-05-17 09:26:04
НЬЮ-ЙОРК./TASS/. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаанд судалгаа хийдэг Америкийн “Media Research Center” /MRC/ компани "CNN телевиз эфирийн бараг бүх цагаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг шүүмжлэхэд зориулж байна" гэсэн дүгнэлт хийжээ. Энэ талаарх судалгааны дүнг мягмар гарагт тус компанийн  цахим хуудсанд нийтэлсэн байна.

Тус компани  5 дугаар сарын 12-ны шөнөөс эхэлсэн CNN-ийн 20 цагийн нэвтрүүлгийн талаарх дэлгэрэнгүй дүн шинжилгээг танилцуулсан байна.  Зар сурталчилгааны ролик болон бусад зар мэдээг оруулахгүйгээр цаана нь мэдээ, нэвтрүүлгийн 13 цаг 27 минут үлдэж байгаа юм. Энэ хугацаанаас 12 цаг 19 минутыг /92 хувийг/ Д.Трампын засаг захиргааны үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэлд  зориулсан бол ердөө 1 цаг 8 минутыг бусад сэдэвт зориулжээ.

Дээрх хугацаанд мэдээллийн үндсэн сэдэв нь Д.Трамп Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Коми-г халсан тухай байлаа. Энэ хугацаанд CNN-нээр шинжээч, тоймчид 123 удаа болсон үйл явдлыг тайлбарлан ярьжээ. MRC-ийнхны тооцоолсноор, Д.Трампыг шүүмжилж буй хүмүүст эфирийн цагийн 78 хувийг олгосон бол 6 хувийг нь Трампыг дэмжигчдэд өгчээ. 

MRC-ийн судалгаанд дурдсанаар, CNN-ийн хөтлөгч, тайлбарлагчид бараг бүгдээрээ Ерөнхийлөгчийн засаг захиргааны ажлыг сөрөг талаас нь дүгнэн ярьжээ. MRC-ийн шинжээчдийн үзэж байгаагаар, дээрх 20 цагийн хугацаанд хийсэн дүгнэлт нь тус телевизийн бодлого бүхэлдээ хаашаа чиглэж буй тодорхойлж байгаа юм.
О.Барс 

 

 

 



Холбоотой мэдээ