“Уртын дуу-Морин хуур” хөтөлбөрт 19,8 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-09 17:44:58
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт үндэсний түүх, соёлын үнэт өв морин хуур, уртын дууг хадгалж хамгаалах, уламжлах, судалж сурталчлах, дуулж, хуурдах эрдэмд сургах хөдөлгөөн өрнүүлэх, дээдлэн дэлгэрүүлэх, тэдгээрийг төрт ёс, баяр цэнгэл, хэв заншлын журамт шинж болгох зорилготой “Морин хуур, уртын дуу” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 19,8 сая төгрөг зарцуулахаар боллоо.
Уртын дуу, морин хуурын өвлөн уламжлагчдыг соёлын өвийн цахим бүртгэл мэдээллийн санд бүртгэн баримтжуулах, морин хуурч Л.Бат-Эрдэнэ, уртын дуучин Н.Мөнгөнтуяа, Т.Янжинлхам, Х.Мөнхбаатар, Д.Булган-Эрдэнэ нарын уран бүтээлийн тайлан тоглолт, морин хуурын багш нарын давтан сургалт, аймгийн хэмжээнд “Ардын урлагийн наадам” зохион байгуулах зэрэг арга хэмжээг санхүүжүүлэхээр болсон байна.
Мөн аймгийн хөгжимт жүжгийн театрын үндэсний хөгжмийн цөөхүүлийг түшиглэн морин хуурын чуулга байгуулах, хөгжмийн зэмсэг авахад хөрөнгө оруулалт хийх аж.
Уртын дууг өвлөн суралцагч сум бүрт 5 байгаагаас тэдний 40 гаруй хувь нь ураг удмаасаа, 30 хувь өөрийн дур сонирхлоор, 20 гаруй хувь нь шавь сургалтаар уртын дуу дуулах эрдмийг суралцсан судалгааг аймгийн Засаг даргын Тамгын газар гаргасан байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ