ЕХ болон Балканы хойгийн удирдагчид яаралтай уулзаж байна

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-10-26 14:19:08

БРЮССЕЛЬ. /NHK/. Унгар хилээ хааснаас үүдэн Европ дахь дүрвэгсдийн хямрал улам бүр дордож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан ЕХ болон Балканы хойгийн орнуудын удирдагчид яаралтай хэлэлцээ хийжээ.

Иргэний дайн, хүчирхийлэлд нэрвэгдээд байгаа Сири болон бусад орны иргэд нутгаа орхин дүрвэж, өвөл болохоос өмнө Герман болон Европын хойд нутгийн улс оронд хүрэхээр зорьж байна.

Грекээс Герман хүртэлх буюу дүрвэгч, цагаачдын дамжин өнгөрөх 13 улсын удирдлагууд өчигдөр Брюссельд хуралджээ.

Дүрвэгч, цагаачдын асуудлыг зохицуулах ажиллагаанд туслах зорилгоор Словени руу мэргэжилтэн илгээх төлөвлөгөөг тэд хэлэлцсэн байна.

Унгар долоо хоног гаруйн өмнө Серби болон Хорваттай залгаа хилээ хааснаар дүрвэгсдийн урсгалын чиглэлийг өөрчилсөн билээ. Дүрвэгсдийн дийлэнх нь одоо болтол Хорват болон хөрш Словенид байгаа нь асуудлыг хүндрүүлж байна.

Өнгөрсөн 10 хоногт 60 мянга орчим цагаач, дүрвэгч жижиг Словени улсад ирсэн байна гэж тус улсын Ерөнхий сайд Миро Церар мэдэгджээ. Мөн тэрбээр, яаралтай арга хэмжээ авахгүй бол улсаа хамгаалах үйл ажиллагаа явуулна гэж мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ