Японы дэмжлэгтэйгээр бөөрөнхий сонгино тариална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-07 17:03:15

Өвөрхангай "МОНЦАМЭ\ Өвөрхангай аймаг Япон улсын Хоккайдо мужийн Такикава хотын дэмжлэгээр “Газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн агро бизнесийг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлнэ.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Японы Такикава хотын захиргаа, тус хотын Гадаад харилцааны нийгэмлэг хамтран ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр дээрх төслийг Төгрөг, Тарагт сумдад энэ оноос эхлэн хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд бөөрөнхий сонгиныг үрээр тариалах арга технологийг нэвтрүүлэх аж. Үрээр тариалсан бөөрөнхий сонгины цэцэглэх магадлал 3-5 хувь байдаг бөгөөд энэхүү аргаар тариалсан сонгиныг нэг жилийн дотор хурааж авдаг байна.  /Цэцэглэнэ гэдэг нь шим тэжээлээ алдах гэсэн үг ажээ./Т үүнчлэн хүлэмжийг үр бүтээлтэй ашиглахын тулд үрлэн помидор, өргөст хэмх, амтат чинжүү, тарвас зэрэг нарийн ногоонуудыг тариална.

Такикава хотын захиргааны Гадаад харилцааны хэлтсийн дарга Ямаүчи Ясүхирогоор ахлуулсан ажлын хэсэг 3 дугаар сарын 28–аас 4 дүгээр сарын 08-ныг хүртэл төсөл хэрэгжиж буй сумдад ажиллаж байна. Ямаүчи Ясүхиро хэлэхдээ:

-Төсөл үр дүнтэй хэрэгжвэл Өвөрхангай аймагт хүнсний ногоо боловсруулах жижиг үйлдвэр оруулж ирэх төлөвлөгөөтэй байна. Өвөрхангай аймаг баруун аймгуудыг хүнсний ногоогоор хангах тулгуур цэг болох боломжийг бий болгоно” гэлээ. Аймгийн Засаг дарга Г.Ганболд уг төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд “Төслийн үр дүн гарч эхэлбэл орон нутгаас хөрөнгө гаргаж дээрх гурван сумын тариалалтыг нэмэгдүүлэн бусад сумдыг хамруулахад анхаарч ажиллана. Зөвхөн аймгаа төдийгүй улс орны хэмжээнд сонгинын зах зээлийг хангахын төлөө идэвхитэй хамтран ажиллана” гэсэн юм.

Манай улсад төл сонгиныг үрслүүлж бөөрөнхий сонгино тариалдаг. Үүнийг хурааж авахад 2 жилийн  хугацаа зарцуулдаг бөгөөд тариалах явцад цэцэглэх магадлал 30 хувь байдаг байна.

Б.Батчимэг

 

 

Холбоотой мэдээ