Цахим тоглоомын газруудад хяналт шалгалт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай \МОНЦАМЭ\ Цахим тоглоомын газар нэмэгдэж, хүүхдүүд хараа хяналтгүй тоглож байна гэх гомдол МШУТ-ийн 70321111 утсанд байнга ирж байна. Гомдлын мөрөөр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Арвайхээр сумын ЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг томилогдон ажиллаж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагаатай танилцлаа.
Арвайхээр суманд “Хангарьд РС”, “Аrena РС”, “Gyber Sport”, “Freinds” “Game center” “3D тоглоомын төв” зэрэг цахим тоглоомын үйлчилгээ үзүүлж буй 8 цэг байдаг ба бүгд стандарт, чанарын шаардлага хангаагүй болох нь шалгалтын үеэр илэрчээ. Цахим тоглоомын үйлчилгээг үзүүлэх гэрчилгээг авахдаа эрүүл ахуй, ажлын байрны нөхцөл, галын аюулгүй байдлын дүгнэлт, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн олгодог. Мөн нэг давхар, зоорины давхарт үйл ажиллагаа явуулахыг, аллага, хүчирхийлэл, садар самуун сурталчилсан тоглоом тоглуулахыг, 9 нас хүрээгүй хүүхдэд үйлчлэхийг тус тус хориглосон.
Гэтэл Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоомын газрууд нэг давхрын харанхуй, битүү орчинд аллага, хүчирхийлэлтэй тоглоомоор бага насны хүүхдүүдийг олон цагаар тоглуулж байгаа юм. Цахим тоглоомын уршгаар хүүхдүүд хичээл таслах, тоглох мөнгө олохоор бусдын эд зүйлийг дээрэмдэх, хулгайлах зэрэг гэмт хэргийн чанартай үйлдэл хийх нь ихэсч байна.
Тус шалгалтын үеэр ажилтнуудад цахим тоглоомын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хууль тогтоомжийг танилцуулж хүүхдийн эрх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэдтэй харилцах харилцаа болон тоглоомонд донтохоос урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж өглөө. Мөн үйлчилгээний талаарх зөрчил дутагдлыг арилгах шаардлага тавьсан байна.
Б.Батчимэг