Дэлхийн дулаарлыг зогсоох дорвитой арга хэмжээ авахыг уриаллаа

Дэлхийд | Байгаль орчин
nyamtulga@montsame.mn
2015-10-22 10:42:10

БОНН. /NHK/. Дэлхийн агаарын дундаж температурыг аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үеийн түвшнээс дээгүүр буюу Цельсийн хоёр хэмээс дээш нэмэгдүүлэхгүй барих олон улсын зорилгыг биелүүлэх дорвитой арга хэмжээ авахыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/ уриаллаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн уршгийг багасгах тухай тайланг ЭЗХАХБ мягмар гарагт Германы Бонн хотод танилцуулсан байна. Тус хотод НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурлын ажлын хэсэг хуралдаж байна. Тус бага хурал /COP21/ ирэх сарын 30-нд Парис хотноо эхэлнэ.

ЭЗХАХБ-ын гишүүн 34 орон болон БНХАУ, Энэтхэг зэрэг хүлэмжийн хийн ялгарал хамгийн ихтэй 10 орны хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах талаар гаргаж буй хүчин чармайлтыг уг тайланд дүгнэжээ. Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 80 хувь нь дээрх 44 оронд ногдож байна.

Бүх орон тавьсан зорилтдоо хүрч чадсан ч гэсэн дэлхийн дулаарлыг хязгаарлахад бэрх байх болно гэж тайланд дурджээ. Мөн дорвитой арга хэмжээ авахгүй бол 2040 он гэхэд дэлхийн агаарын дундаж температур Цельсийн хоёр хэмээр нэмэгдэж магадгүй гэв.

Одоогийн байдлаар 150 гаруй орон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо НҮБ-д тайлагнасан бөгөөд энэ нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 90 хувийг эзэлж байна.

2030 он гэхэд дэлхийн хүлэмжийн хийн ялгарал ямар байх тухай тооцоог НҮБ уг зорилтуудад үндэслэн гаргаж, удахгүй танилцуулах ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ